БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын цэргийнхэн мэдээллээ. БНАСАУ орон нутгийн цагаар өглөөний 6-7 цагийн хооронд Хойд Солонгосын зүүн эргийн ус руу ар араасаа гурван пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга өнөөдөр /2022.05.25/ өглөө мэдэгдэв.
Японы эргийн хамгаалалтын албаныхан мөн баллистик пуужин байж болзошгүй хоёр пуужин далайд унасан гэж мэдээлсэн байна. Цэргийнхний мэдээлснээр, "Пуужингуудыг Пёньян хотын ойролцоох Сунан дүүргээс харвасан байна, БНАСАУ-ын харвасан гурван пуужингийн хоёр нь Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж" “NHK” суваг Батлан хамгаалах яамны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Гурав дахь пуужин унасан газрын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены БНСУ, Японд хийсэн айлчлалаас нэг хоногийн дараа БНАСАУ пуужин харваж байгаа нь Ж.Байдены энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн пуужин харвасан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Он гарснаас хойш БНАСАУ тив алгасагч баллистик пуужин, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин зэрэг 17 орчим пуужингийн туршилт явуулжээ. НҮБ-ын тогтоолуудад Хойд Солонгос цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай пуужин туршихыг хориглосон байдаг аж.
Эх сурвалж: “Yonhap” агентлаг