Ө.Шижир: Төсөв баталсан гишүүд ээ, дайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй

Ө.Шижир: Төсөв баталсан гишүүд ээ, дайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Улсын төсөв, мөнгөний бодлого хоёр нягт уялдаатай байх ёстой. Бид улсын төсвөө батлахаас өмнө мөнгөний бодлогоо батлах ёстой. Гэтэл эсрэгээрээ яваад байна. Ер нь Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийг бараг хэлэлцээгүй. Оюу толгойн гурван их наяд төгрөгийг тойрч ярьж байгаад л баталчихсан. УИХ-ын гишүүдэд тойргоо услах төсвийг нь тавьж өгсөн тул бүгд амаа үдүүлж, гуяа алгадаад төсвөө нэмэгдүүлснийг баталсан. Үүний үр дүнд Монголбанкийг инфляцыг зургаан хувьд бариарай гэж хэлэх эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. Улсын төсвийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихээд яаж зургаан хувьд барь, хэрэглээний үнийн өсөлтийг барь гээд байгаа юм бэ. Өмнөх оны төсвөөс 33 хувиар нэмэгдэж байгаа шүү. Дайн хийж байгаа улсын төсөв 33 хувиар нэмэгдээгүй шүү.

Сонгууль угтсан төсөв ийм аюултай. Авлигажсан төсөв ийм хортой. Төсөв баталсан гишүүд ээ, та нар ирэх 2027 онд Монголбанкийг инфляцыг тэдэн хувьд барь гэж хэлэх эрх үлдээгүй шүү. 2024 онд анхны 126 гишүүнтэй хуралдаж байхад алдагдалгүй төсөв баталдаг УИХ болъё гээгүй бил үү. Зарчим чинь Засгийн газар болгон дээр өөрчлөгддөг юм уу. Үзэл санаа чинь өдөр бүр өөр байна. Улсын төсөв чинь ирэх оны төлөвлөгөө шүү дээ. Бид үргэлж 100 сая тонн нүүрс экспортолж чадах уу, 80 болбол яах вэ. Манай улсын төсөв өрхийн санхүүгээс ч долоон дор байна. Тиймээс цаашдаа УИХ, Засгийн газар, Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээ бүр болих хэрэгтэй. Сүүлдээ улсын төсөв, Монголбанкны төсөв, төрийн өмчит компаниудын төсөв гэж гурван төсөв бий болсон. Тэгээд үр дүнг бид хэнээс, юу хүсэх юм бэ. Гишүүд нь төсөвтөө хяналт тавьж ажиллаач. Төсөв бүр дээр амаа үдүүлчихсэн. Хойноос нь ухаантай юм яриад байх юм. 2027 онд битгий ийм юм яриарай” гэв.