ВИДЕО: ХБ-ны “Чанаргүй зээлдэгч” гэж зарласан “Кью Эс Си” компанийн барьсан ТӨМӨР ЗАМ болон АВТО ЗАМ аль хэдийн ашиглалтад оржээ

ВИДЕО: ХБ-ны “Чанаргүй зээлдэгч” гэж зарласан “Кью Эс Си” компанийн барьсан ТӨМӨР ЗАМ болон АВТО ЗАМ аль хэдийн ашиглалтад оржээ

2017 онд Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр зээл олгох эсэхийг банкны удирдлагууд мэддэг болж, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл хишиг”, Б.Ундармаагийн “Бишрэлт групп” зэрэг компани зээл авч, цаашлаад чанаргүй зээлдэгч олноор бий болох нөхцөл бүрдсэн гэдэг.

Тиймээс Isee.mn мэдээллийн сайт Хөгжлийн банкнаас хэн зээл авсан, авсан зээлээрээ амласан бүтээн байгуулалтаа хийсэн эсэхийг сурвалжилж, цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа бид Хөгжлийн банкнаас зээл авч төмөр зам тавиад, “Чанаргүй зээлдэгч”-ийн жагсаалтад орсон “Кью Эс Си” компанийн бүтээн байгуулалтыг сурвалжиллаа.

ВИДЕО: 

Улаанбаатар хотоос 400 гаруй км зайд орших Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэлх 33.4 км төмөр зам байх аж. 2010 онд Засгийн газраас уул уурхайн металлургийн цогцолбор төслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн хэрэгжүүлэх тогтоол гарч, сонгон шалгаруулалт зарлажээ. Олон улсад нээлттэй зарласан тус шалгаруулалтад БНХАУ-ын хоёр, Австрали, Энэтхэг, БНСУ-ын компаниудтай дотоодын ганцхан компани өрсөлдөж, шалгарсан нь “Кью Эс Си” ХХК байв. Ингээд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн, уул уурхайн металлургийн цогцолбор төслийн хүрээнд дээр дурдсан Хандгайт өртөөнөөс Төмөртэй уурхай хүртэл 33.4 км урттай төмөр замыг “Кью Эс Си” барьсан байна. Хангай газар төмөр зам барина гэдэг амаргүй. Ялангуяа тус төмөр замыг гол ус бүхий намгархаг газрыг дайруулан барьсан төдийгүй ингэхдээ далан босгожээ.

Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл үргэлжилдэг тус төмөр зам нь 33.4 км

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах “Кью Эс Си” компанийн төслийн ердөө нэг хэсэг нь энэхүү төмөр болон авто зам юм. Хачирхалтай нь төмөр зам нэгэнт ашиглалтад орсон байтал “Кью Эс Си” компани яагаад “чанаргүй зээлдэгч” болов гэдэг нь сонин.

Уг төмөр замыг анх концессын гэрээнд “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр тусгажээ. Гэтэл 2015 онд төмөр замын ажил дуусах шатандаа явах үеэр “Барих-шилжүүлэх” нөхцөлөөр төрд авч Монголын төмөр замыг ТӨХК-ийн мэдэлд өгүе гэх санал улсаас гарсан байна. Ингээд 112 сая ам.долларын өртгөөр улсад өгөхөөр гэрээлж, нийт өртгийн 80 хувийг “вексель” буюу өрийн бичгээр, үлдсэн 20 хувийг дөрвөн жилд хувааж төлөхөөр гэрээлжээ. “Кью Эс Си” компани 2014 онд Хөгжлийн банкнаас авсан зээлээ 2018 оныг хүртэл хэвийн төлж байтал тус компанийн зээлийг Засгийн газар өөртөө шилжүүлэн авах тогтоол гаргасан байна. Ингээд тус компани зээл төлөлтийн тодорхойгүй байдалд орсон байна. Товчхондоо, зээлээ хаана төлөхийг нь тодорхойгүй болгож “гацаачхаад” “Кью Эс Си бол муу зээлдэгч” гэж зарлаж.

“Кью Эс Си” компанийн бүтээн байгуулалт ганц төмөр замаар дуусаагүй. Тус компани үйл ажиллагааныхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Дулаанхаан өртөөнөөс Хүдэр сумын чиглэлд 95 км хатуу хучилттай авто зам тавьж, мөн ашиглалтад оруулсан байна.

“Кью Эс Си” бол ХБ-ны чанаргүй зээлдэгч, энэ компанийн төмөр зам тавина гэж авсан мөнгө Эрдэнэтийн үйлдвэрийн 49 хувийг авахад зарцуулагдсан гэх мэтээр эрх баригчид шүүмжилж байгаа. Гэвч бид газар дээр нь ирж үзлээ. Төмөр замын бүтээн байгуулалт бүрэн хийгдэж дуусан аль хэдийн ашиглалтад орж, галт тэрэг зорчиж эхэлсэн байна.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө