С.Шаарийбуу: Охин минь ирэхгүй ч, шүүх шударга байх ёстой

С.Шаарийбуу: Охин минь ирэхгүй ч, шүүх шударга байх ёстой

13 жилийн өмнө Малайз улсад монгол охин харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь амь насаа алдаж, ялын дээд хэмжээ цаазаар авах ял оноосон ч цагаатгасан байдаг. Хэргийн үнэн мөнийг олохын төлөө тууштай тэмцэж яваа хүн бол талийгаачийн аав. 12 дахь жил дээрээ хаагдсан хэргийг уйгагүй явсны эцэст дахин нээж, мөрдөн байцаалтын шатанд авчраад байгаа юм. С. Шаарийбуу гэгч эгэл аавтай ажил амьдрал, ач хүүгийн талаар болон хэргийн сүүлийн үеийн мэдээллийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Хаагдсан хэргийн нөхцөл байдал

-Уучлаарай, 12 жил болоод хаагдсан хэрэг дахин нээгдлээ. Захиалагч нь илрэх магадлал хэр байгаа бол. Хэргийн явц одоо ямар шатандаа явж байна?

-Мартаж болохгүй, мартах ёсгүй хүн гэж байдаг. Хүмүүс сонсоод өнгөрнө, тэгээд мартана. Харин эцэг хүний хувьд би охиноо мартах ёсгүй, хэзээ ч мартагдахгүй зүйл минь байгаа юм. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө бүхнээ золин тэмцэж явсаар өнөөдрийг хүрлээ. Бүхэл бүтэн 13 жил шүү дээ. Хүний насаар бол нэг үе юм даа. Охиныг минь хөнөөсөн хэрэгтэн нэг үгээр хэлбэл захиалагч нь олдохгүй байсаар хэрэг хаагдсан. Хааагдсан ч би цуцаагүй, бүхий л талаас нь хөөцөлдсөн. Ингээд хэргийг энэ онд нээсэн юм. Энэ нь иргэний хэрэг учир бүх зардлыг нэхэмжлэгч тал буюу би өөрөө гаргах ёстой байдаг, хуулиараа. Хэрэг одоогоор дахин сөхөгдөөд шинээр мөрдлөгийн шатандаа явж байна. Эрүүгийн хэрэгт хангалттай нотлох баримтууд цугларч түүний дагуу буруутай этгээдүүдийг ялласан байдаг. Гэтэл энэ хэрэг маань Иргэний нэхэмжлэлтэй хэрэг учир өмнөх баримтуудыг дахин хэрэглэх боломжгүй, заавал шинээр нотлох шаардлагатай болдог юм байна. Тэгэхээр дахиад бүх зүйл эхнээсээ явна гэсэн үг. Жишээ нь гэрчүүдээ дахин байцааж, нотлох баримтуудаа үнэлүүлэх шаардлага гарсан. Монголын болон Малайзын талаас дахин гэрчүүдээ дуудаж, шүүх хуралд мэдүүлэг өгүүлэх шатандаа явж байгаа гэхэд болно. Тав хоногийн өмнө гэрчүүдийг дуудаж уулзах гэж байгаагаа Малайзын тал мэдэгдсэн. Ямар мэйл ирсэн гэхээр гэрчүүдийг дуудаж байцаах гэж байгаа тул та энэ улсуудын хоол унд байрны асуудлыг шийдэж өгнө үү гэж. Хуулиараа ийм юм билээ. Гэрчээр нийтдээ 50 орчим хүн бий. Хэрэг хуучирдаггүй болохоор, ар гэрийнх нь хүмүүсийн хувьд гомдол үргэлж байх юм.

Охин минь өнөөдөр хэдий босоод ирэхгүй ч энэ хэргийн эзнийг олоод би нүд рүү нь харахыг хүсч байна. Эцэг хүний хувьд. Хэрэг үнэн мөнөөр шийдэгдэхгүй байсан ч би эцсээ хүртэл, голоо тасартал тэмцэх болно. Охиныхоо гомдлыг би тайлна, тэгж байж нүд анина.

-Хүний эрх зөрчигдсөн хэргүүдийг бид мартах учиргүй. Ер нь яагаад хэрэг шийдэгдэхгүй байна гэж та харж байна. Монголын төр засгаас яаж хандаж байх юм?

-Хүний эрх зөрчигдсөн ийм хэргүүдийг би хувьдаа лав мартах боломжгүй. Төр засаг ч гэсэн мартахгүй байх аа гэж бодож байна. Энэ тухай асуудлыг ганцхан Монгол Улс ч биш дэлхий нийтээрээ анхаарч, ажиглаж байдаг. Хүний эрхийн олон улсын байгууллагууд, олон орны шударга сэтгүүлчид, шударга хүмүүс Малайзын зүг чих тавьж, энэ хэргийн талаар байнга асууж байдагт би баярладаг. Хүн орчлонд ирэхдээ эх оронтой, элгэн садантай, ээж аавтайгаа цуг ирдэг. Төр нь иргэнээ хамгаалах, эх эцэг нь үрээ ( охиноо) хайрлах үүрэгтэй юм. Аливаа улсын иргэнд ямар нэгэн асуудал үүсэхэд төр нь анхаарч туслах үүрэгтэй. Тийм болохоор төр үүргээ сайн биелүүлэх л ёстой. Тэр тусмаа гадаадад болсон ийм хэргийг нэг муу өвгөн хэдий их гүйлээ ч замхраад хийсэх шинжтэй. Тэгэхээр төр нь иргэнээ хамгаалж тууштай, уйгагүй араас нь хөөцөлдөж чих тавьж байх ёстой юм л даа. Үүнийг л ардчилсан шударга хүмүүнлэг зарчим гэж хэлээд байгаа юм. Энэ хэрэг өөрөө их төвөгтэй, бас. Улс төр, төр засаг нь оролцсон, маш том авлига явагдсан ийм хэрэг. Хэчнээн ноцтой хүн амины хэрэг ч гэсэн гурав, дөрвөн жил болоод шийдэгдээд байна. Гэтэл энэ хэрэг яагаад шийдэгдэхгүй байна гэхээр асуудал их. Энэ олон жил надаас байнга асуудаг нэг л асуулт байдаг тэр нь Монголын төр энэ хэрэгт яаж хандаж байна вэ, танд яаж тусалж байна вэ гэдэг. Анх хэрэг гарсан 13 жилийн тэр нэг муу өдрөөс хойш л Гадаад харилцааны яам, Монгол Улсын Засгийн газраас нот бичиг, захидал явуулаж байсан. Энэ чинь одоо үүрэг нь юм байгаа биз дээ . Энэ хугацаанд олон эрх мэдэлтнүүдэд хандаж байсан. Гэхдээ яг дорвитой зүйлийг аль ч эрх мэдэлтэн хийгээгүй шүү. Энэ бол үнэн. Хэрэг гарсан жилээс эхлэн Малайзын ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан агуу түүхтэй Монголын ард түмнээр тоглож болохгүй шүү үүнийхээ горыг амсана даа, та нар гэж бичээд байхад, харин нөгөө агуу түүхтэй ард түмний төр засаг нь төдийлөн ач холбогдол өгч, гүйсэнгүй дээ. Гэхдээ би гомдохгүй бас цөхрөхгүй. Эдгээр хүмүүсийг буруутгаад яах вэ, яагаад гэхээр бид л өөрсдөө энэ хүн бидний төлөө зүтгэж чадах хүн гэж сонгосон учраас одоо яалтай билээ. Нэг ёсондоо иргэнээ төр засаг нь тоохгүй байхад бид одоо яах вэ гээд энэ хэргийг 12 жил болгоод хааны архивт хийгээд цаашид ашиглах бололцоогүй болгосон байдаг юм.

-Энэ хэргийн гол хүн нь Австрали гараад явчихсан гэх мэдээлэл байдаг. Энэ талаар?

-Үнэн. Тэнд тэр этгээд байгаа. Гэтэл би энэ талаар өөрийн төр засагтаа олон удаа хандаж байсан. Яагаад манай улсын иргэнийг онц хэрцгийгээр хороосон хүн танай улсад байж байдаг юм бэ гэж асууж, бичиг явуулж болдоггүй юм Монголын төр. Энэ бас л үүрэг мөн биз. Өвгөн би очоод тэр этгээдийг баривчлаад ирж чадахгүй, бололцоогүй. Малайз, Монгол хоёр дипломат харилцаатай улс. Өнөөдөр Бээжинд сууж байгаа Малайзын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ манайд барилгүй бараг 10 жил шахуу болж байна. Яагаад итгэмжлэх жуух бичгээ барьдаггүй юм. Энд би нэг учир байна гэж боддог. Малайз бол дэлхийд гэмт хэргийн тоо, мафаараа алдартай орон. Гэтэл бид ямар оронтой визгүй зорчоод байгаагаа мэддэггүй. Малайзад хэл сурах нь монголдоо сурахтай яг ижил. Тэнд очиж эрсдэлд орж, амь насаараа дэнчин тавин визгүй зорчиж, сурах тийм чухал гэж үү.

-Энэ хугацаанд хэчнээн шүүх хурал болов?

-Хэргийг шударгаар шийдье гэсэн шүүх хурал болж байгаагүй гэж үзэж болно. Зөвхөн энэ хэрэгт холбогдсон нэр нөлөө бүхий улсуудын ашиг сонирхолд л зориулсан хурлууд болсон байдаг юм. Жилд хоёр гурван удаа шүүх хурал болно ингээд тооцоод үзэхээр 20 гаруй удаа би тийш зорчжээ. Энэ хугацаанд өөрийн мэдлийн бүхий л зүйлээ зарж явсаар одоо өөрийгөө ломбарданд тавих л үлдээд байна даа. Энэ хооронд бүх гэрчүүдийг би өөрийн мөнгөөр дагуулж очно, хооллуулна байрны мөнгийг нь өгнө гээд олон зүйл байна. Амьдралд олон зүйл тохиолддог. Гэхдээ эцэг эх нь амьд байхдаа сүүдрээсээ хүртэл хамгаалдаг охин үрээ хүний нутагт амь насаа алдсан байхыг харна, үзнэ, сонсоно гэдэг хамгийн аймшигтай бөгөөд эмгэнэлтэй зүйл юм. (уйлав) Сонсч байсан зүйлээ хүн биеэрээ үзнэ гэдэг хэлэх юм биш. Би биеэрээ үзлээ. Малайзын сонгууль болж ардчилсан хүчин нь түүхэндээ анх удаа төр барилаа. Энэ үед би энэ асуудлыг нэлээн хүчтэй тавьсан. Яг энэ цаг үетэй ч таарч Ерөнхийлөгчид бас л хандлаа. Энэ үед Ерөнхийлөгч Х. Баттулга байж таарлаа, асуудлыг нэлээн хүчтэй хандаж, төлөөлөгчөө явуулж, хүний эрхийн байгууллагууд ч бас сайн хандлаа. Анх удаа 2019 онд энэ асуудлыг хүчтэй хөндлөө гэж би харж байгаа. Үүний хүчинд би Малайз улсаас хуульчдыг урьж авчирсан. Ерөнхийлөгч бас хүлээн авч уулзсан. Надаас Монгол гэх үндэстэн нүүгээд явчихсан юм уу, оршин тогтнодог юм уу, амьд уу гэж амыг минь асууж байгаа аятай их асуудаг байлаа, олон улсын сэтгүүлчид. Тэгээд л би үүнийгээ нотлох гэж тэндээс хуульчдыг авчирсан даа. Үүний хүчинд би хаалттай байсан хэргийг нээлттэй болгож дахиж хэлэлцүүлсэн юм. Энэ жил гурав явлаа. Одоо Малайзын эрх барьж байгаа энэ хүмүүс энэ асуудалд хариуцлагатай хандахаа мэдэгдсэн. Мөн бас нэг хүнийг онцолж хэлмээр байна. АН-ын дарга С.Эрдэнэ энэ асуудлаар надтай санал солилцож уулзсан. Өөрийн чадах, туслах зүйлээр туслахаа амлаж, тэр дагуугаа ч надад тусалж, тухайн улсад би акц зохион байгуулж байсан юм. Үүнд би иргэн хүнийхээ хувьд талархаж явдаг.

-Хохирлыг нөхөн барагдуулах асуудал шийдэгдэх болов уу?

-Би түүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Охиноо босгоод ирж чадах биш дээ. Гэхдээ хүмүүс намайг тийм хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэж сонин хэвлэл дээр янз бүрээр бичдэг. Ямар ч байсан хохирлын хэмжээг нөхөн барагдуулах шүүх хурал одоо явж байгаа. Шүүх ажиллагаа хатуу чангадаа биш гол нь шударга үнэнийг л тогтоосон шийдвэр гарч байх ёстой юм. Би үүнийг л хүсч байна. Шүүх хүнийг залхтал нь явуулдаг юм билээ. Хэргийн дотор нь байсан зүйлс алга болж, хэд задарч, цэнхэр дээлтэй очсон хүнийг цагаан дээлтэй болтол сунжирдаг. Хүн хохирчхоод байхад, ар гэрт нь давхар залхаалт үүсгэдэг. Энэ нь хамгийн аюултай. Эдийн засаг, сэтгэл санаа, амьдралын хувьд туйлдаж гүйцэж байгаа юм.

-Үнэн, шударга ёс хаана ч байх ёстой. Тууштай зүтгэсэн хүн магадгүй хүссэн үр дүндээ очдог байх. Хүний эрхийн үндэсний комиссоос танд хандсан уу?

-Хэргийг эцэслэн шийдээгүй байхад хүний эрхийн байгууллагууд хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг тул би албан ёсоор хандаагүй байгаа. Би энэ хэргийн үнэн мөнийг олтол тэмцэх тул энэ хэргийг хаяагүй юм. Хэрэв би энэ хэргийн үйл явцаас залхаад хаясан бол охиноо мартсантай адил болно. Тиймд энэ хэргийг хэзээ ч би орхихгүй. Үнэнийг олно. Тууштай явж байгаагийн минь төлөө НҮБ-ын салбар хорооны хуралдаан дээр Монголын иргэн С.Шаарийбуу гэж өвгөн тууштай явж байгааг жишээ болгон ярьж дурдагдсан байсан гэж би сонссон. Би зоригтой, зүрхтэй, заргачдаа яваад байгаа юм биш. Энэ ардчилсан нийгэмд шударга үнэн гэж байдаг үгүйг ядаж нэг иргэн ч гэсэн үзмээр байна. Үүний төлөө тэмцэж, явж байгаа юм. Бусдад жишиг болгоё. Ингэж сайн явж болдог юм байна гэдгийг харуулмаар байна. Өчнөөн олон иргэн маань гадаад улсад ажиллаж амьдарч явдаг, цаана нь юу байгаа, яаж амьдарч байгаа юм гээд бодох ёстой шүү.

-Эх хүн хамгийн их шаналдаг, уйлдаг гэх үү дээ. Гэр бүлийн хүнд тань ямар хэцүү байдаг бол. Бие нь сайн байгаа юу?

-(хэсэг чимээгүй болов) Би энэ тухай яримааргүй байна. Тэр эхийн сэтгэлийг юу ч тайлахгүй, орлохгүй. Амьдаараа үхэж байна шүү дээ. Одоо хэвтэрт байгаа. Би дөрвөн сар сахиж байна. Надад тэр ээжийг харах эрх ч байхгүй байна. Эвий минь, намайг ширтээстэй л охиноо босоод ирэх юм шиг хүлээдэг.

-Одоо талийгаачийн хүүхэд нь хэдэн нас хүрчхэв. Хэцүү байдаг байх даа?

-Одоо 22 нас хүрсэн. Том залуу болсон. Байнгын дарамтанд л амьдарч байна даа, хүү минь. Яагаад гэхээр хүмүүс элдвээр ярина, доромжилно. Энэ нөгөө хэний хүүхэд гэж. Бид ер нь ямар ч нийгэмд амьдраад байгаа юм. Яагаад ингэж хүний амьдралд оролцоод байдаг юм. Тэр хүү ээжийнхээ үхэлд ямар буруутай болохоор нийгмээс гадуурхагдаж, олны ярианы сэдэв болох ёстой гэж. Хүүхэд байнгын стресстэй. Монголд амьдрах боломж тааруу байгаа учир би хүүгээ гадаадад л гаргаж амьдруулах бодолтой явдаг болсон. Их сургууль төгссөн л дөө. Хэрэг дуусаагүй болохоор байн байн яригдаж гадаад явах болдог. Тийм болохоор би сонин хэвлэлд ярих хүсэлгүй байдаг. Өөрөө л даван туулъя гэж бодож байна.

С. Шаарийбуугийн ажил амьдрал

-Та ингэхэд ямар мэргэжилтэй билээ?

-Би багш мэргэжилтэй, эрдэмтэн хүн. Их сургуульд олон жил багшилж явна. Хүн бүр өөрт оногдсон ажлаа л хийдэг, гүйцэтгэдэг гэж боддог. Бас сэтгэл судлалыг нэлээн сонирхдог.

-Яг өнөөдөр та юу хийж байна. Таныг баримтат киноны мастер болсон тухай сонслоо. Ямар баримтат кинон дээр ажиллаж байгаа вэ?

-(инээв) Миний кино хийх гэж юу байх вэ дээ. Яах вэ бодит үнэн түүхийг цаг хугацаанд нь хийж, Монголын нөлөө бүхий академичдыг амьд сэрүүнд нь, бурхан болсон хүмүүсийг нь 90,100 жилийн ойд нь зориулан бүтээж үлдээе гэсэн хүсэл санамсаргүй төрсөн юм. Ингээд л энэ баримтат кино гэдэг гайхалтай, хэцүү ажил руу ханцуй шамлан ороод явж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим баримтат кино хийж. Тодруулбал Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн, Лувсанвандан, Х. Пэрэнлэй, н.Батсуурь, түүхийн Ш. Нацагдорж , зүрхний Шагдарсүрэн, биологийн Шагдарсүрэн, Д.Цэгмид, газар зүйн Цэгмид зэрэг академичдын кино хийхийг хүссэн, хийсэн. Ер нь ихэвчлэн кинонууд маань шинжлэх ухааны том мастеруудын тухай хийгдсэн. Ганцхан Б.Ширэндэв гуайн киног л хийж чадаагүй. Үнэнийг мэддэг хэлдэг ярьдаг хүмүүс нь тэр хүний тухай ярьж үлдээх ёстой, амьд дээр нь авч үлдэх ёстой гэсэн үүднээс л энэ ажил руу орсон. Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн гуайн кинонд орсон ихэнх хүн өнөөдөр эргээд харахад бурхан болсон байна. Тэд дахин ярьж чадахгүй.

-Б.Ренчин гуайн баримтат кино ямар нэртэй вэ. Хэзээнээс цацагдаж эхлэх бол?

-“Бүргэдийн дуулал” нэртэй бүтээл байгаа. Одоо удахгүй гарч эхлэх байх аа. Телевизүүд надаас авсан. Эдгээр эрдэмтдийн тухай хойч үеийн залуучуудад ойлгуулах таниулах ажил бага байна. Ийм мундаг хүмүүстэй бид ажиллаж амьдарч явсан юм гэдэг түүх заавал улс оронд байх ёстой, үлдэх ч ёстой юм. Тиймд би эрдэмтдийн киног хийж үлдээж байгаагаараа бахархаж байна. Түүхийг хойч үе мэдэж байх ёстой. Шинжлэх ухаан Монголд гэнэт л бий болсон эд биш. Ядаж зургийг нь хараад таних ч хүн алга. Тэр үеийн хүмүүс зохиолч, эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн хүмүүс байлаа. Их хэлмэгдүүлэлтэд бүхий л эрдэмтэд хэлмэгдэж, аавын хаалга татсан. Их хэцүү үе байлаа шүү дээ.

-Баримтат кино хийхэд гол онцлог нь юу байдаг бол?

-Хэцүү. Гэхдээ сайхан. Яагаад надаас өөр хүн хийхгүй байгаа юм бэ гэж асууж магадгүй зарим нэг хүн. Би өөрөө судалгааны ажил хийдэг эрдэмтэн хүн. Энэ улсуудын түүхийг судалж аль нэг талыг нь гаргах гэдэг тийм амар биш. Чөлөөт уран бүтээлч учир цаг овоо гарна. Уул уурхайг ухаад л дуусна. Харин эрдэм ухаан буюу шинжлэх ухааны бүтээл мөнхөд үлдэнэ. Тэгэхээр оюун ухаан бол хамгийн агуу зүйл. Улс гэдэг хүмүүсээ зөв, сайн боловсруулах хэрэгтэй. Диплом үнэгүй болно гэдэг аюул.

-Сүүлчийн асуултыг тавья. Та сэтгэл судлалаар сүүлийн хэдэн жил оролдож яваа хүн. Хүмүүсийн хандлагын тухай хэлбэл?

-Хүмүүс ахуй гэдэг зүйлээс илүү сэтгэлийг их бодож байх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүн сэтгэлийн амьтан. Хүн чинь жаргал, зовлонгийн дэнсэн дээр савлаж байдаг амьтан. Хүний оюун тархи нь сэтгэхүйдээ байдаг. Сэтгэл гэж нэг агуу зүйл байна. Уйлж инээх баярлах чинь зөвхөн дотор талаас гардаг. Түүнээс гадна эрхтнээс биш, тэд зүгээр л илэрхийлдэг болохоос өдөөгч нь биш. Хэчнээн мундаг хүн байлаа гэхэд түүний мөн чанар бүрэн гардаггүй. Дасаад хайрлаад нэг гэрт удаан амьдрахаараа гэр бүл болдог. Уулзаад өнгөрөх, хамт ажилладаг хүнийхээ мөн чанарыг хүн мэдэх бололцоо байхгүй. Онгоц хар хайрцагтай байдаг шиг хүн бүр хар хайрцагтай байдаг. Хүн эд эсээс бүрддэг дахин давтагдашгүй эд. Гэхдээ тэд нийгэмшиж нийгмийн бүтээгдэхүүн болох ёстой. Хэзээ ч хэрцгий балмад, араатан байж болохгүй. Ухааныг үзье, суръя гэвэл эхлээд эх оронтойгоо танилц, элгэн саднаа мэд, дэргэдээ байгаа уул ус, ургамлыг анзаар, ижий аавыгаа мэдэр, эх орноо хайрла. Тэгээгүй байж уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлаад яаж хүн болох вэ дээ. Өөрийнхөө орны зан заншил, түүхийг мэдэхгүй байж, би гадаад хэл мэднэ тиймээс дэлхийгээр сэтгэдэг гэж яриад яах юм. Ингэж солиорсоор байгаад бид мөд галзуурах гэж байна. Бид одоо ингэж ондоошсоор байгаад хэл, түүх, соёл ч үгүй болох гэж явна. Ингэж байгаад бид аягүй бол эх оронгүй болох нь. Үнэн дүртэй хуурамч амьдарч болохгүй хүн. Монгол түмэн тэнгэртээ сүүгээ өргөж, уул, голыг өгсч ирсэн ард түмэн. Өнгөрснөөр биш өнөөдрөөрөө бид ажиллаж амьдрах ёстой. Урагшаа зүтгэ, илүү зүтгэ. Бас зоригтой бай л гэж монголчууддаа хэлье дээ.