Өнөөдөр /2026.03.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцууллаа.
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, "Эрчим хүчний сайдын энэ оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 42 дугаар тушаалаар хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталлаа. Эрчим хүчний сайдын 2020 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр тушаалаар батлагдсан өмнөх журам нь хэрэглэгч ААН, байгууллагуудаас техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, зураг төсөл шаарддаг, 3-6 сар хүлээгддэг зэрэг бэрхшээлүүд байсан. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралын чөлөөллийн санаачлагын хүрээнд энэхүү өмнөх журмыг шинэчлэн боловсруулж баталсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 111 эрчим хүч түгээх сүлжээ нийлүүлсэн иргэн ААН байгаа. Үүний 76 нь айл өрх, 35 нь ААН байна. Өмнөх журмын өөрчлөлтүүдээс танилцуулбал өмнө нь зөвхөн иргэн, хуулийн этгээд гэж заасан байсан бол шинэ журамд СӨХ, Хотхоны зөвлөл буюу иргэдийн хамтралыг оруулсан байгаа. Дараагийн чухал зүйл нь төлбөрийг жилд нэг удаа олгодог байсан бол сар болгон олгодог болох өөрчлөлт оруулсан. Хэрэглэгчид олгох төлбөрийн эх үүсвэр тодорхойгүй байсныг хэрэглэгчид олгох төлбөрийн түгээх сүлжээний зардалд тусгана. Мөн хүчдэлийн түвшин 0,4 кв байсныг 10кв болгож нэмэгдүүлсэн. Эрчим хүчний яам, зохицуулах хороо, түгээх сүлжээ, хэрэглэгчийн эрх үүргийг өмнөх журамд заасан бол шинэчилсэн журамд тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч компаний эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Угсрал суурилуулалттай холбоотой тусгай зөвшөөрөлтэй компаниудын тоо харьцангуй цөөн байсан бол энэ шинэ журмаар бид бүхэн 3-4 дахин нэмэгдүүлэх зүйл заалтыг оруулж өгсөн. Түүнчлэн энэ бүх процесс 3-6 сар үргэлжилдэг байсныг ажлын 11-28 хоногт шийдэж өгөх шийдвэрийг гаргасан. Мөн бүрдүүлэх бичиг баримт тодорхойгүй байсныг бүрдүүлэх маягтуудын загварыг гаргасан байгаа. Мөн жил болгон "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний хамт олон маань төлөвлөгөөт шугам тоноглол, засвар үйлчилгээ хийдэг. Энэхүү засвар үйлчилгээ нь энэ жилийн хувьд гуравдугаар сарын гуравнаас 10 дугаар сарын наймныг дуустал үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. УБЦТС компани засвар үйлчилгээний төлөвлөгөөг сар сараар нь гаргаж, ирэх 6-р сар хүртэл цахилгааны хязгаарлалт хийх юм. Цахилгааны хязгаарлах хуваарийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх болно" гэлээ.
Б.Ану