УОК өнөөдөр 21 аймгийн Засаг дарга, Аймгуудын онцгой комисстой цахимаар хуралджээ. Хурлаар УОК-ын дарга Х.Ганхуяг өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан аймгуудын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Улсын Онцгой Комисс болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс дараах дэмжлэгийг олгожээ. Үүнд:
-
Туулах чадвар сайтай 20 автомашин
-
Цас их орж, зам даваа хаагдсан зарим аймаг, сумдад автогрейдер 2 ширхэг
-
Ковш 5 ширхэг
-
796 тонн өвс
-
8154 тонн тэжээл
-
Аймаг тус бүрт 50 тонн шатахууны дэмжлэг
Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр “маш их” болон “их” ангилалд багтсан баруун, төв, хангайн бүсийн аймгуудад Улсын Онцгой комиссын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн зун баруун болон төвийн аймгуудад гантай, зарим бүс нутагт зуншлага харилцан адилгүй, мөн зарим хэсгээр цас их орсны улмаас улсын нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд зудын эрсдэл өндөр байсан ч Засгийн газар, Улсын Онцгой комисс, аймаг, сумдын Онцгой комисс, малчид иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж чадсан талаар мэдээллээ.
Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэх, салхи шуурганы давтамж ихсэх магадлалтай байгаатай холбогдуулан орон нутгийн Онцгой комиссууд бэлэн байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг Шадар сайд онцлон үүрэг болгов.