ВИДЕО: Арилжааны банкнууд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл авч, иргэдэд өндөр хүүтэй зээлүүлсэн үү

ВИДЕО: Арилжааны банкнууд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл авч, иргэдэд өндөр хүүтэй зээлүүлсэн үү

Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээлэл ил болж, эл сэдэв өдгөө ч олны анхаарлыг татсан хэвээр байна. Харин Хөгжлийн банкны зээлдэгч нарын дунд арилжааны банкнууд “цохиж” яваа нь ч олны хараанд өртөж, хэл ам дагуулав.

Тодотговол, Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 20 орчим тэрбум төгрөгийн зээл авсан болохыг тус өөрийн цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдээлсэн. Тус мэдээлэлд, Голомт банк 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хоёр тэрбум, Хаан банк 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр 11 тэрбум, Худалдаа хөгжлийн банк  мөн оны хоёрдугаар сарын дөрөвний өдөр 6 тэрбум төгрөгийн зээл авсан гэжээ.

Харин арилжааны банк ямар шалтгаанаар Хөгжлийн банкнаас зээл авав, бага хүүтэй зээл аваад иргэдэд өндөр хүүтэй олгодог юм биш биз гэх хардлага ч хөвөрч байна.

Үүнтэй холбоотойгоор Хаан банк өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, Хаан банк МУХБ-наас зээл аваагүй, “Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх” зээлийг хоёр аж ахуйн нэгжид дамжуулан зээлсэн болохыг онцолсон байв. Харин Голомт, Худалдаа хөгжлийн банк өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар, мэдэгдэл гаргасангүй. Энэ нь ч иргэдийн хардлагыг улам бататгаж, байх шиг.

Энэ талаар Үндэсний аюулгүй байдал судлаач, докторант н.Төрболд “Төрийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал гэдэг яах аргагүй анхаарах ёстой асуудал. Төрийн аюулгүй байдал нь эдийн засгийн аюулгүй байдалтай нягт холбоотой. Хөгжлийн банк нь Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан. Энэ цагаас хойш өнөөг хүртэл 5.2 их наяд төгрөгийн зээл гаргасан байна.

Үүнээс 2012 онд Н.Алтанхугийн Засгийн газрын үед Чингис богд буюу 1.5 тэрбум ам долларын зээлийг авсан. Мөн Самурай бонд зэрэг мэт маш олон бонд зээлийн асуудал Хөгжлийн банк дээр явагдсан. Үүний шийдвэр буюу тухай зээлийн олголт нь хэдийгээр Хөгжлийн банкаар дамжиж байсан ч эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан. Тиймээс улс төрийн нөлөө бүхий хүмүүс оролцсон байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, төр засгийн аюулгүй байдал хоёр ганхаж байгаатай адил томоохон асуудал гэж авч үзэж байгаа юм.

Хөгжлийн банканд үүсээд байгаа өнөөдрийн асуудалд арилжааны банкнууд манлайлан оролцсон гэж үзэж байна. Жишээ нь Худалдаа хөгжлийн банк. Тус банк Хөгжлийн банкнаас жилийн 5 хувийн хүүтэй зээл аваад иргэдэд жилийн 10, 20 хувийн хүүтэй зээлж байна.

Үүнийг тооцоод үзвэл, 500 тэрбум төгрөгийн зээл аваад үүнийг иргэдэд зээлэхээр жилд 100 тэрбум төгрөг олж байна гэсэн үг. Гэтэл үүнийг шалгах ёстой Монголбанк, аудит, хууль шүүхийн байгууллага нь яагаад ажилласангүй вэ. Эдийн засгийн гэмт хэрэг гэдэг бол хамгийн ул мөр тодтой гэмт хэрэг байдаг. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч, энэ нь үндэсний аюулгүй байдалд халтай асуудал болох юм. Энэ бүх асуудалд арилжааны банкны эзэд холбогдож байна.

Банкны эзэд сүүлийн 30 жил эдийн засгийн харилцаанд явж байгаа бодлогын хүүгийн асуудалд хүртэл нөлөөлж байна.

Иргэд өдрийн нэг сарын 30 хувийн хүүтэй зээл хүртэл авч байхад арилжааны банкнууд жилийн 3, 5 хувийн хүүтэй зээл авчхаад түүнийгээ банк болон банк бусаараа эргэлдүүлж, ард түмнийг боловсронгуй байдлаар дээрэмдэж байгаатай адил юм” гэсэн юм. Тэгвэл дээрх арилжааны банкнуудад өнгөрсөн оны эхээр зээл олгосон байх бөгөөд тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.МөнхсүхТУЗ-ын даргаар С.Наранцогт ажиллаж байжээ. Ямартай ч арилжааны банкнууд Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал нь ийнхүү олны анхаарлыг татаад байгаа юм.