Өнгөрөгч Пүрэв гараг/2022.01.27/-т Зам тээврийн сайд асан М.Зоригт Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ОХУ-ын элчингээр дамжуулан “цэргийн эвсэл”-д элсэх хүсэлт хүргүүлсэн талаар бичсэн нь олны анхаарлыг нэлээдгүй татав.
Тодруулбал, тэрбээр өөрийн фейсбүүк хуудастаа “Казахстанд цэрэг оруулдаг цэргийн эвсэлд Х.Баттулга ерөнхийлөгч буухаасаа өмнө Оросын элчингээр дамжуулан элсэх хүсэлт хүргүүлсэн байх юм. Сая Казахстаныг харж байхад эвслийн, гадны цэргийн тусламжтайгаар эрх баригчид, тэдний дэглэмийн эсрэг боссон ард иргэдээ дарж авдаг юм байна билээ” гэж бичсэн.
Энэ хүсэлтийг татаж авсан болов уу? pic.twitter.com/dmqJh9Nl35
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) January 27, 2022
Зам тээврийн сайд асан тэр эвсэл гэж оноож хэлээгүй ч “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ болов уу” гэж олон хүн таамаглажээ. Иймд уг мэдээллийг нягтлан тухайн үед гарч байсан /Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед/ гадаад, дотоодын мэдээ, нийтлэлүүдийг шүүж үзсэн юм.
-ОХУ-ЫН “REGNUM” МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГТ Х.БАТТУЛГА ШХАБ-Д ЭЛСЭХ САНААЧИЛГА ГАРГАСАН ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙЖЭЭ-
ШХАБ-д БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбек, Энэтхэг, Пакистан улсууд багтдаг. Манай улсын хувьд ШХАБ-д элсэх эсэх асуудал олон жил яригдсан ч өнөөг хүртэл ажиглагчийн статусаа хадгалсаар ирсэн. Гэвч Х.Баттулга ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үнэхээр ШХАБ-д элсэх хүсэлт өгсөн үү. Энэ талаар Монголын эрх бүхий цөөнгүй албан тушаалтан мэддэг гэх.
Мөн ОХУ-ын “REGNUM” агентлаг 2018 оны зургадугаар сарын 6-ны өдөр Монголын Хөдөлмөрийн Үндэсний Нам ШХАБ-д элсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалсан талаар мэдээлж байжээ. Тухайн үед ХҮН-ын даргаар ажиллаж байсан Б.Найдалаа “Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь хэр оновчтой вэ гэдэг асуудал сүүлийн үед нийгэмд нэлээдгүй яригдаж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Бид энэ үйл явцыг удаан хугацаанд ажиглана. Манай нам ШХАБ-ын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах зорилгогүй, Монгол Улсын гадаад бодлогын маргаанд оролцохгүй. Монгол Улсын 50, 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлж мэдэх энэ асуудлыг улс төрчдийн хаалттай хурлаар шийдэж болохгүй. Тиймээс бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж байна” гэж хэлж байсан аж. Бүх нийтийн санал асуулга явуулах асуудал хөндөгдсөний учир нь мөн оны тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд болсон эдийн засгийн чуулганы үеэр тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга ШХАБ-д элсэх санаачилга гаргасан байна.
Энэ талаар “Regnum” мэдээллийн агентлагт “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс ШХАБ-д статусаа дээшлүүлэх бодолтой байгаагаа тодорхой хэлсэн. Түүний хэлснээр ШХАБ-д элссэнээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, шинэ томоохон төслүүдийг дэмжих боломж бүрдэх аж” гэжээ. Тийнхүү ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Монголд ШХАБ-д элсэх асуудлаар багагүй хэлэлцүүлэг өрнөсөн. Мөн Монголын парламент уг асуудлыг хаалттай хэлэлцсэн бөгөөд зарим эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үеийн УИХ-ын гишүүдийн олонх нь ШХАБ-д элсэхийг дэмжсэн байна гэж “Regnum” мэдээлжээ.
-ХЭРЭВ МОНГОЛ УЛС ШХАБ-Д ЭЛСВЭЛ ИРГЭД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ, ЖАГСАХ Ч ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ БОЛОХ УУ-
ШХАБ-ыг 2001 онд БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикстан, Киргиз, Узбекистаны удирдагчид байгуулсан. Тус байгууллагын үндсэн зорилт нь гишүүн орнуудын нутаг дэвсгэрт тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизм, хар тамхины наймаатай тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.
Гэвч ШХАБ-д элссэнээр бие даасан гадаад бодлого явуулах боломжгүй болох эрсдэлтэйг учир мэдэх хүмүүс хэлж, сануулдаг.
Тухайлбал, 2018 онд Монгол ШХАБ-д элсэх эсэх хэлэлцүүлэг ид өрнөж байх үед “Regnum” агентлагт Геополитикийн хүрээлэнгийн захирал, Элчин сайд асан Ж.Чойнхор “Монгол Улс ШХАБ-д элсэх нь эерэг болон сөрөг талуудтай. Уг байгууллагад элссэнээр хөрш хоёр орон бидэнд илүү ээлтэй болж, томоохон төслүүдэд оролцох хүсэл эрмэлзэл нэмэгдэх болов уу гэж бодож байна. Гэхдээ сөрөг талууд бас бий. ШХАБ-д элссэнээр бие даасан гадаад бодлого явуулах боломж буурна. Бид ШХАБ-ын бодлогыг баримтлах ёстой болно. Одоогоор бусад орноос түрэмгийллийн аюул заналхийлэл илт байхгүй ч манай улс ШХАБ-д гишүүнээр элссэнээр болзолтойгоор “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон улс орнуудтай хамтран ажиллах, итгэлцэх бодлогод сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тиймээс ойрын хугацаанд ажиглагчийн статус бидэнд хангалттай гэж бодож байна. Гишүүн болох гэж яарах хэрэггүй. Төвийг сахисан бодлого баримталсан нь дээр гэж бодож байна” гэж хэлж байжээ.
ШХАБ-ын гишүүн орон Казахстанд саяхан болсон үйл явдлыг эргэн сануулъя. Тодруулбал, энэ сарын эхээр Казахстанд автомашины зориулалт бүхий шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан. Гэвч тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван орон бүхий Хамтын гэрээний аюулгүй байдлын байгууллага /ХАБГБ/-аас тусламж хүссэн. Улмаар ОХУ тэргүүтэй ХАБГБ-ын 2500 гаруй цэрэг Казахстанд үүрэг гүйцэтгэж, жагсаалыг хүчээр дарсан юм. Иймд хэрэв манай улс ШХАБ-д элсвэл иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, цаашлаад манай улс дотоод асуудлаа гаднын зэвсэгт хүчнээр шийдүүлдэг болох аюулд орж магадгүй гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Тиймээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга “ШХАБ-д элсэх хүсэлт илгээсэн бол яаралтай татаж авах хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн асан М.Зоригт хэлсэн болов уу гэж хардах иргэд олон байна.