“Энэрэл” эмнэлгийн гадна иргэн Р нас барсан хэргийн улмаас чөлөөлөгдсөн Ц.Пүрэвдашийг “Үндэслэлгүй халагдсан” гэж шүүх үзжээ

“Энэрэл” эмнэлгийн гадна иргэн Р нас барсан хэргийн улмаас чөлөөлөгдсөн Ц.Пүрэвдашийг “Үндэслэлгүй халагдсан” гэж шүүх үзжээ

2021 оны долдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна 35 настай Р гэх иргэн эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач коронавирусийн халдвартай байсан төдийгүй цээжнийхээ рентген зургийг барьсаар эмнэлэгт үзүүлэхийг оролдсон боловч чадалгүй амьсгал хураасан байдаг.

Тухайн үед Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж талийгаачийг “архи уусан, эмнэлгээс 10 метрийн л цаана амьдардаг тул ойрхон эмнэлэгт хандаж болох байсан” гэж хэлж байв. Гэвч долдугаар сарын 29-ний өдөр талийгаачийг “цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.

Уг харамсалтай хэрэг олон нийтийн уур бухимдлыг төрүүлж, эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн юм. Улмаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Харин Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш шүүхэд “ажлаас үндэслэлгүй халагдсан” гэж нэхэмжлэл гаргажээ.

-“КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ИРГЭН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ НАС БАРСАН ХЭРЭГ НЬ “ЭНЭРЭЛ” ЭМНЭЛГИЙН ОРЛОГЧ ДАРГА А-ЫН АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГТЭЙ ХОЛБООТОЙ” ГЭЖ БИЧЖЭЭ-

Түүний нэхэмжлэлийг хоёр сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Тэрбээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие 2006 оноос эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалыг хашиж байсан ба уг хугацаанд тус байгууллагыг амжилттай удирдаж, хууль тогтоомж болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. Коронавирусийн халдвар авсан 35 настай иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, “Энэрэл” эмнэлгийн үүдэнд нас барсан хэрэгтэй холбоотойгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдсан ба тус төвийн орлогч дарга А-ын ажлын үндсэн чиг үүрэгтэй холбоотой учраас түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан. Гэтэл надад хариуцлага тооцож байгаа гэх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаал гарч Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэсэн байна” гэжээ. Мөн тэрбээр дараах үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг хууль бус бөгөөд өөрийнх нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзсэн аж. Тодруулбал, “НЭМГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаал хууль бус болсон. Учир нь:

  • Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 65 нас байхаар заасан;
  • Хоёрдугаарт, ажлаас чөлөөлөхдөө тусгай хуулиар тогтоосон журам зөрчсөн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу тухайн шатны Засаг даргатай зөвшилцөлгүй ажлаас чөлөөлсөн,
  • Гуравдугаарт,тэтгэврийн насанд хүрсэн гэх үндэслэлээр бус үнэн хэрэгтээ сахилгын зөрчил гаргасан гэж үзсэнээ олон нийтэд зарласан атлаа энэ талаар ажлаас халах тушаалд тодорхой дурдалгүй тэтгэвэрт гаргасан дүр үзүүлсэн нь ажилтан миний маргах эрхийг зөрчсөн төдийгүй, нэр төрийг сэвтүүлсэн явдал болсон” гэжээ.

Харин хариуцагч буюу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа холбогдох хуулийн заалтуудыг дурдан “Ц.Пүрэвдашийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн НЭМГ-ын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна…Иймд Ц.Пүрэвдашийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

-ТҮҮНИЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН НЬ “ЭНЭРЭЛ” ЭМНЭЛГИЙН ГАДНА НАС БАРСАН ИРГЭНИЙ ХЭРЭГТЭЙ ХАМААРАЛГҮЙ ГЭЖЭЭ-

Тухайн үед холбогдох албан тушаалтнууд олон нийтэд “Энэрэл эмнэлгийн гадна коронавирусийн халдвар авсан иргэн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан хэрэгт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөллөө” гэсэн ойлголтыг өгч байв. Хачирхалтай нь НЭМГ-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Ц.Пүрэвдашийг уг хэрэгт буруутгаагүй, харин тэтгэврийн насанд хүрсэн гэх үндэслэлээр” чөлөөлсөн гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед олон нийтэд эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэгт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон гэж ойлгуулсан ч шүүхэд өөр шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлажээ.

Ийнхүү нэхэмжлэлийг өнгөрсөн 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан үзээд  “нэхэмжлэгч П-ийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилох үндэстэй байна” гэж үзсэн байна.

Мөн Ц.Пүрэвдаш ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс “Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзжээ.