Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн хоёр өдөр /2021.12.16-18/ ОХУ-д айлчлаад өнөөдөр эх орондоо ирж байна. Энэ нь түүний Ерөнхийлөгч болсны дараа гадаадын улс оронд хийж буй анхны айлчлал юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчилж уулзсаны дараа нь хамтарсан мэдэгдэл хийж, хоёр улсын хамтарсан “тунхаглал”-ыг гаргасан юм. Энэ бүхнээс үзвэл түүний айлчлалаар дараах асуудал яригдсан байна.
-В.ПУТИН: УЛААНБААТАРЫН НИСЭХ БУУДЛЫН ТҮЛШ ЦЭНЭГЛЭХ ОПЕРАТОРООР БҮРТГҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-
Ямартай ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “манай улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье” гэж. Ингээд “Монгол улстай хамтран ажиллах дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргасан” гэж цохон тэмдэглэж.
Үүнийхээ дараа В.Путин;
- “Төмөр замыг шинэчлэх, өргөтгөх, “Улаанбаатар төмөр зам”-ын тогтвортой байдлыг хангах талаарх ажил Оросын Холбооны Улсын дэмжлэгтэйгээр хийгдсэн. Монгол Улсаар дамжуулан ачааг төмөр замаар тээвэрлэх нь улам үр ашигтай болно гэж найдаж байгаа.
- ОХУ нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын компаниуд Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна.
- Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна.
- Өнгөрсөн онд манай улсын компаниуд Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг хамтарсан төслийг боловсруулж байна.
- Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байгаа. Монгол Улсад аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, судалгаа хийх боломжийг судалж байгаа.
- Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана
-У.ХҮРЭЛСҮХ: ЭРЧИМ ХҮЧ, ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДЭД ОРОСЫН ТАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэдээллийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байна” гэж цохон тэмдэглэсэн байна.
Үүний дараа У.Хүрэлсүх;
- Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг далайцтай нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бид санал нэгтэй үзэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдэд оросын талыг идэвхтэй хамтран ажиллахыг урьж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийллээ.
- Талууд 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих 3 улсын хамтарсан төслийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байна.
- Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, “Транзит Монгол” болох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо.
- Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байна.
- Манай хоёр улс бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Хоёр тал НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа нотоллоо. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины дэвшүүлсэн “Их Евразийн түншлэл” байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ” гэжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.