УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир нарын гишүүдийн боловсруулсан "Татварын багц хууль"-иар Хувь хүний орлогын албан татварыг 20 хүртэлх хувиар төлөхөөр байгаа.
Тодруулбал, нэг жилийн 0-120 сая төгрөгийн орлогод 10 хувиар, 120-180 сая төгрөгийн орлогод 12 хувиар, 180-240 сая төгрөгийн орлогод 14 хувиар, 240-300 саяын орлогод 16 хувиар, 300-360 саяд 18 хувиар, 360 ба түүнээс дээш орлогод 20 хувиар татварыг төлөх юм.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2025.08.25/ мэдээлэл хийж, энэ талаар тайлбарлахдаа "Сарын 800,000 буюу жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө. Улирлын чанартай, цагийн ажил хийдэг хүмүүс 10 хувийн татвар төлж байгааг 0 болгоно. Одоогийн хуулиар ажилтны цалингаас суутгагддаг Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ) 11.5 хувь, ХХОАТ 10 хувь байгаа. 800,000 төгрөгийн үндсэн цалинтай байлаа гэхэд эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 637,000 төгрөг авна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийлээ гэхэд НӨАТ-т 10 хувь буюу 63,720 төгрөг төлөөд, 2 хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Нэгтгэж үзвэл татварт 103,000 төгрөг төлнө. Цалингийн 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр 6,320 төгрөгийн татвар төлнө. 13 хувиас 0.8 хувийн татвар төлөхөөр болж буурна. Дундаж буюу 1,500,000 төгрөгийн цалинтай хүн өнөөгийн хуулиар 202,000 төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна. 3,500,000 төгрөгийн цалинтай хүн 488,000 төгрөг буюу 14 хувийн татварын ачаалалтай байна. Нэмэлт өөрчлөлтөөр 9.5 хувийн татварын ачаалал авна. Жилийн 180,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн одоо 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ төслөөр 360,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө" гэсэн юм.
Үүнээс үзвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь иргэдийн олонход хөнгөлөлт үзүүлнэ гэх мэдээлэл хүргэх замаар татварын баазыг нэмэгдүүлэхийг зорьж байж магадгүй байна. Тухайлбал, өнөөдөр байгууллагууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр иргэдийг цалинжуулахгүй байгаа. Гэтэл 800 мянган төгрөгийн цалинтай иргэнийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлнө гэсэн зүйлээр иргэдийг хуурч байна. Угтаа бол дундаж давхаргыг дэмжих татварын хөнгөлөлт нэн хэрэгтэй байгаа. Мөн жилийн 360,000,000 төгрөгийн орлоготой иргэнээс 20 хувийг авах нь "Монголд өндөр цалин авч болохгүй" гэх агуулгыг илэрхийлж байна. Нөгөөтэйгүүр "Эрдэнэт үйлдвэр", Оюутолгой, Ачит Ихт зэрэг цемент, зэс гээд олон компаниуд гаднын орноос өндөр боловсрол, ажлын туршлага, чадвартай мэргэжилтнүүд урьж ажиллуулж, ноу хау, технологийг Монголдоо нутагшуулж үлддэг. Ингэхдээ сарын 20 мянган долларын ажлын хөлс төлөх нь ч бий. Гэтэл Х.Ганхуяг гишүүний энэ хуулиар монголчууд гаднын өндөр туршлагатай мэргэжилтэнг авчрах боломж хумигдаж магадгүй байна. Учир нь сарын 20 хувийн татвартай улсад хэн ч ажил хийхийг хүсэхгүй эсвэл урьж авчирч ирсэн байгууллага энэ ачааллыг үүрнэ. Энэ хуулинд татварын дорвитой шинэчлэл огт байхгүйн дээр энэ мэт ажлын байр бий болгож буй хэсгээ илүү хумих л бодлого харагдаж байна. Угтаа бол хүнийг цалингийн хэмжээгээр нь ялгаварлан гадуурхахын оронд их, бага гэлтгүй 10 хувийн татвар шимтгэл авах нь хамгийн шударга зарчим гэж үздэг билээ.
