УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-ОДОО ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ МАШИНУУДЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРТАЛ НЬ ЯВУУЛЖ БОЛНО-
-Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан юм байна. Ажлын хэсгийг та ахалж байгаа. Уг хуулиар авто тээврийн салбарт ямар өөрчлөлтүүдийг хийх вэ?
-2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Энэ хууль анх 1999 онд батлагдсан. Одоо зэх зээлтэйгээ уялдуулаад өөрчлөлт оруулж байгаа юм. Өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон.
Ингээд тус хуулиар
- Тээврийн хэрэгслийн сэлбэгийг улсын хилээр орж ирэхэд нь хяналт тавих, үнэлгээ хийдэг болгох. Засварын байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах.
- Уул, уурхайн тээвэрлэлтийн зөвшөөрлийн С бичгийг цэгцлэх.
- Буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг бүртгэхгүй байх зэрэг өөрчлөлтийг хийх юм.
-Буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахгүй гэсэн үг юм байна. Хэзээнээс бүртгэхгүй вэ. Мөн одоо хөдөлгөөнд оролцож буй машиныг хэрхэн, яаж зохицуулахаар судалгаа хийж байна?
-“Бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэдэг нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг бүртгэхгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хил гаалиар орж ирэх шаардлагагүй болно гэсэн үг шүү дээ. Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох, цэгцлэх асуудал олон жил яригдсан. Хамгийн хүндрэлтэй нь энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол ихээр гарах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох гэх мэт маш их асуудал байна.
Бид өнөөдрийг хүртэл зөв талдаа жолооны хүрдтэй автомашин хэрэглэх стандарт, дүрэмтэй явж ирсэн. Гэтэл баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унасаар байна. Энэ нь наанадаж зорчигч буулгаж суулгахад осол гарах нөхцөлийг бүрдүүлэг мөн гүйцэд түрүүлэхэд хүндрэлтэй. Тээврийн салбарт олон жил ажиллаж энэ асуудалтай ноцолдсон хүний хувьд цаашлаад уг төсөл дээр ажлын хэсэг ахалж буйгийнх нэгэнт хуулиндаа бүртгэхгүй гэж тусгах гэж байгаа учраас жаахан хугацаа өгчихье гэж бодож байгаа юм.
Тодруулбал, 3-5 жилийн дараа буюу 2025 оноос буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг бүртгэхгүй шүү гэж байгаа юм. Түүнээс одоо хэрэглэгдэж буй нэгэнт бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл хэрэглээнээс гаран гартлаа явна шүү дээ, ойлгомжтой.
Хөдөлгөөнийг тас хорино гэж хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Ард иргэдийн хэдэн хувь нь энэ төрлийн машин унаж буй билээ. Саяхныг хүртэл би ч унаж байсан. Дахин хэлэхэд нөхцөл байдлыг ойлгохын ихээр ойлгож байгаа. Намайг Зам тээврийн сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үеэс буюу 2020 оноос эхлээд буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг зогсоох тухай санал гарч байсан. Гэтэл яг энэ нөхцөл байдлаараа өдийг хүрсэн. Үүнээс цааш ингээд яваад байх юм уу, яах юм бэ. Нэгэнт шинэ хуулинд тусгах юм чинь хугацааг нь өгөөд мэдэгдэе л гэж байгаа юм. Энэ талаар твиттертээ жиргэсэн нь судалгаа авч буй нэг хэлбэр юм. Бид уг асуудлаар судалгаа хийж, мэргэжилтнүүднээс зөвлөгөө авах зэрэг ажлыг хийнэ. Хуулиа баримтлах юм уу, эсвэл замбараагүй байгаад л байх юм уу. Нөгөөтээгүүр төр, засаг иргэдээ аюулгүй амьдруулах нөхцөлийг хуулиараа зохицуулах ёстой. Энэ утгаараа би хугацаа өгөөд тодруулбал 2025 оноос хойш бүртгэхгүй шүү гэдэг саналтай байгаа юм. Тэр хүртэл буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг импортолж машин тэргээ солиод явдаг юм байгаа биз. Түүнээс цааш өөрийн унаж буй машинаа хэрэглээнээс гартал нь эдэлж дуусгаад үргэлжлүүлэн зөв талдаа хүрдтэй машиныг хэрэглэх тухай л юм. Учир нь энэ үеэс зөв талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл хил, гаалиар орж ирнэ.
-Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулж байгаа. Та бүхний боловсруулж хууль дээрх ажилтай холбоотой юу?
-Тэр ажилтай холбоогүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөн ийм ажлыг хийхээр бэлтгэж байна гэж ойлгосон. Тэд түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгслээ багасгах санаатай байх шиг байна. Гэхдээ тэр өнцөг буруу. Үндсэн хуулиндаа иргэд эд хөрөнгө өмчлөх эрхтэй, тэгш эрхтэй гэж заасан. Үүний дагуу “Та ийм машиныг өмчилж болохгүй. Таны машин замын хөдөлгөөнд оролцож болохгүй” гэж тулгаж хааж болохгүй. Түгжрэл бол дэд бүтэц, замын хангамжтай холбоотой. Дэд бүтэц муу учраас л түгжрэл үүсч, нэвтрэх чадваргүй байна. Тэгэхээр энэ байдлыг сайжруулахын тулд нөгөө нэвтрэх чадварыг сайжруулах, замыг өргөтгөх, салаа замуудыг олшруулахад анхаарах ёстой. Магадгүй дугаарын хязгаарлалт зэрэг захиргааны арга хэмжээг авч болох юм. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ замынхаа нэвтрэх чадварыг сайжруулах ёстой. Харин бид хугацаа зааж байгаад хориглоно гэж байгаа.
-Энэ талаар твиттер хаягтаа бичсэн нь иргэдийн хандлагыг мэдэх зорилготой гэж та хэллээ. Ер нь твиттерийн хэрэглэгчид таны саналыг хэрхэн хүлээж авч байна.Нөгөөтээгүүр буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг бүртгэхийг хориглочихлоор орлох машин нь юу байх талаар та бүхэн судалж үзсэн үү?
-Дэмжсэн, дэмжээгүй хүмүүсийн тоо тэнцээд байх шиг байна. Эсэргүүцэж буй хүмүүсийн хувьд буруу талаас нь ойлгосон байна лээ. Тодруулбал, шууд тас хорино гэж ойлгосон байна. Миний хувьд буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг хорих хүртэл хугацаа өгье, хуулиа баримталъя гэсэн санал гаргаад байгаа юм. Ослыг багасгаж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалах нөхцөлийг хамтдаа бий болгоё гэсэн л санал юм. Тэр хүртэлх хугацаанд та бүхэн машиндаа шинэчлэл хийгээд явж болно гэж байгаа. Орлох машины асуудалд төрөөс зохицуулалт хийнэ гэж байхгүй.
-ХУУЧИН МАШИНУУДЫН ТАТВАРТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БОЛНО-
-Боломжгүй хүмүүс хуучин машинаа л хэрэглэнэ. Хотоор дүүрэн хуучин, шаардлага хангахгүй, утаа униар савсуулсан машинтай болох вий. Энэ тал дээр судалгаа хийж байна уу?
Хүмүүсээс ирж буй бас нэгэн асуулт нь хуучин машиныг импортоор оруулж ирэхийг хориглох юм уу. Бас баахан сарампай машинууд хөдөлгөөнд оролцох юм биш биз дээ гэж байгаа. Нийтийн тээврийн хэрэглээний хувьд хугацаа заадаг. Энэ бол зайлшгүй тавих ёстой шаардлагуудын нэг. Учир нь нийтийн тээвэр осол аваараас байнга хамгаалж, өндөр сэрэмжтэй байх ёстой. Харин хувь хүний хувьд өөрийнх нь хариуцлагын асуудал.
Ямар ч хуучин машинтай байсан засаж сэлбээд аюулгүй байдлыг хангасан, үзлэг оношилгоондоо орсон бол замын хөдөлгөөнд оролцох эрх нь нээлттэй. Тэр бүү хэл хуучны машинуудыг засч сэлбээд явж буй хүмүүс бий. Бид нэг л шаардлага тавина. Үзлэг, оношилгоонд орсон байх ёстой. Энэ нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцох баталгааг хангаж байх ёстой юм.
-Иргэдийн эсэргүүцэж буй нэг шалтгаан нь буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг хорьчихлоор үнэ өртөг өндөр машиныг хэрэглэхээс өөр аргагүй болж байгаатай холбоотой. Учир нь зөв талдаа хүрдтэй машинууд ихэвчлэн өндөр үнээр борлуулагддаг?
-Хуучин машины татварыг харах, өөрчлөх хувилбар бий. Хүмүүс бололцоогүй учраас бүгдээрээ хуучин машин унана гэсэн логик харагдаад байна шүү дээ. Тэгэхээр хуучин машины татварыг болиулах гэх асуудал байж болно гэж үзэж байна. Моторын багтаамжаас нь хамаараад үнэтэй машины татварууд нэмэгддэг. Үүнтэй уялдуулаад татварын асуудлыг эргэж харж болох юм.
-Нүүрс тээврийн машинуудад олгодог С зөвшөөрлийг уг хуулиар мөн цэгцэлнэ гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
- Би сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлж байсан. Намайг ажлаа өгсний дараа үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй, замхарсан. Энэ хуулиар С бичгийн зөвшөөрлийг сунгахдаа нүүрс тээвэрлэх гэж буй тээврийн компанид шаардлагаа тавина. Тэр нь тухайн компани яг хэдэн тонн нүүрс гаргаж байгаа юм түүнд нь тохирсон тооны машинд С зөвшөөрөл олгоно. Жилд хэдэн тонн нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэ Тавантолгой” ХК-тай /жишээ нь/ гэрээ хийсэн юм. Түүнийг нь харж С зөвшөөрөл олгодог болгох юм. Худалдагч, худалдан авагч хоёр гэрээ хийнэ. Гэрээнд үндэслэн тээврийн үйл ажиллагааг нь хариуцах газарт буюу машинд зөвшөөрөл олгох нь байна шүү дээ.
Тээврийн хэрэгслийн стандартыг нь уг хуульд тусгаж өгнө. Энэ шалгуурт тэнцсэн машинтай компанид зөвшөөрөл өгнө. Ингэснээр жолооч нарын аюулгүй байдал, урт дугаарлалт, хууль зөрчсөн замбараагүй байдал зэрэг хүндрэлүүд багасна гэж үзэж байгаа юм. Манай Өмнөговийн нүүрсийг 5000 машинаар гаргахад хангалттай. Гэтэл тээврийн салбарынхан юу нь бүү мэд машин бүрт зөвшөөрлийн С бичиг өгсөөр байгаад замбараагаа алдаж 14 000-д хүргэсэн.
-Ярилцсанд баярлалаа.