БОАЖЯ хамгийн хүнд сурталтай яамаар тодорлоо

БОАЖЯ хамгийн хүнд сурталтай яамаар тодорлоо

Авлигын эсрэг үндэсний чуулганаас 2021 оны шударга байдлын индексийг олон нийтэд танилцууллаа. Уг индексийг Үндэсний хөгжлийн газар 81.4 оноогоор тэргүүлж, Хөвсгөл аймгийн ЗДТГ 59 оноогоор сүүл мушгижээ. Тэгвэл яамд дундаас БОАЖЯ 66.1 оноогоор сүүлээсээ гуравдугаарт бичигдлээ. Өөрөөр хэлбэл БОАЖЯ-ыг үйл ажиллагаа нь шударгаар явдаггүй, хамгийн хүнд сурталтай яам гэж тодорхойлсон аж.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг солино, солихгүй гэх яриа томилогдсон цагаас нь хойш л яригдаж байгаа. Энэ сэдвийг түр орхиод тус яам яагаад шударга байдлын индекст сүүл мушгив гэдэгт анхаарлаа хандуулья.

Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа эрхлэх, газар эзэмших эрхийг тус яамнаас олгож 5 жил тутамд сунгалт хийдэг. БОАЖЯ-наас гэрээгээ зөрчсөн, зориулалтын дагуу газраа ашиглаагүй, хууль бусаар олгогдсон зэрэг зөрчилтэй 22О гаруй аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Хууль дүрмээ зөрчсөн аж ахуй нэгжүүдэд арга хэмжээ авах нь зөв. Гэтэл хуулийн дагуу ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа иргэн аж ахуй нэгжүүд газрынхаа эрхийг сунгуулахаар өргөдөл хүсэлтээ өгсөн боловч огт шийдэхгүй өдийг хүрсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй 60 орчим аж ахуй нэгж иргэний газар эзэмших эрхийг сунгахаар тухайн тусгай хамгаалалттай газрын захиргаа, яамны мэргэжилтнүүд нь сайдад танилцуулсан боловч шийдэхгүй жил тойрох гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнээс болж хуулийн дагуу үйл ажиллагаа нь явж байгаа аж ахуй нэгжүүд газрын төлбөрөө төлж чадахгүй давхар зөрчлийн хэрэг нээгдээд улам дарамтанд орж байна гэв. Мөн тэр хэмжээний газрын төлбөр улсын төсөвт төвлөрөхгүй байна.

Мөн тус яаманд гаргасан өргөдөл хүсэлтэд ямар ч хариу өгөхгүй байгаа талаар гомдол мэдээлэл 1111 төвд их ирэх болсон гэв. Тодруулбал Ө нэртэй аж ахуй нэгж 7-р сард өгсөн хүсэлтийн хариугаа одоо ч авч чадаагүй байна. 1-р сард Э гэх компани эзэмшиж байгаа газартай холбоотой хүсэлт өгсөн боловч одоо ч шийдэгдээгүй байгаа ажээ.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар төрийн байгууллага ямарваа өргөдөл гомдолд 28 хоногийн дотор заавал хариу өгөх үүрэгтэй. Хэрвээ энэ хугацаанд хариу өгч, шийдвэрлэхэд багтахгүй бол энэ тухайгаа иргэн аж ахуй нэгжид бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл БОАЖЯ ямар ч хариу өгдөггүй. Зүгээр л таг болчихдог гэсэн гомдол мэдээлэл маш их гарах болсон байна.

Үүний шалтгаан нь сайд төрийн захиргааны өдөр тутмын ажилд хэт хутгалдаж эдлэх ёсгүй эрхээ зүй бусаар эдлэх болсонтой холбоотой гэж тус яамнынхан ярьсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл иргэн аж ахуй нэгжийн хүсэлтийг шийдвэрлэхээр баримт бичиг боловсруулсан ажилтнаа загнаж “хэний даалгавараар ямар ашиг сонирхолоор ажиллаад байна” гэх мэт дарамт үзүүлдэг гэв. Ингээд мэргэшсэн төрийн албан хаагчид өдөр тутмын төрийн захиргааны ажлыг санаачлагаараа хийдэггүй, дээрээс чиглэл хүлээдэг байдалтай болсон гэв. Арга ядсан яамны мэргэжилтнүүд нь сайдад танилцуулсан баримт бичгийнхээ огноог хөтөлж өөрсдийнхөө арьсыг хамгаалж байна. Газар хэлтсийн даргын гарын үсэгтэй баримт бичиг дээр тамга дарж өгдөггүй. Тамга дарахгүй болохоор өргөдөл гомдолд хариу өгдөггүй энэ мэт жишээ олон байгаа ажээ.

Дээр дурдсан газрын эрх нь цуцлагдсан 220 гаруй аж ахуй нэгж дотор хууль бусаар эрхээ цуцлуулсан гэх гомдолтой газрууд маш их байгаа гэв. Өнгөрөгч онд тус яамыг хариуцагчаар татсан 47 газрын маргаан захиргааны хэргийн шүүхээр шийдэгдсэн. Гэтэл энэ жил 80 орчим буюу бараг 2 дахин их маргаанд тус яамыг хариуцагчаар татагдсан байдалтай байна. Мөн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны эрхийг нь цуцалсан 60 гаруй аж ахуй нэгж тус яамыг хариуцагчаар шүүхэд өгсөн гэх мэдээлэл байна. Өдөр тутамд төрийн захиргааны ажлаа хийж байх ёстой мэргэшсэн албан хаагчид шүүхээр эргэлддэг хэрэг маргаан шийдэхэд хамаг цагаа бардаг байдалтай болсон гэж эх сурвалж мэдээлж байна.

Ийнхүү тус яам ажил нь огт явдаггүй сайд л үүрэг өгөхгүй бол ямар ч бичиг баримт боловсруулдаггүй байдалтай болжээ. Огт ажил явахгүй байгаа юм уу? Гэхээр бас үгүй гэнэ. Н.Уртнасан сайдын чиглэл болгосон ажлууд яваад байгаа гэх мэдээлэл баримт бас бий. Тухайлбал Горхи тэрэлжийн цогцолбор газарт “Үүргэвчтэй жуулчин” ХХК-д 4.9 га, “Золжаран интернешнл” компанид 7.9 га газрыг мод тарих нэрийн дор эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Монгол Улс даяар мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа. Иргэн аж ахуй нэгжүүд ямар нэг газар эзэмшихгүйгээр мод тариад болоод байна. Гэтэл дээрх аж ахуй нэгжүүд мод тарихдаа заавал газраа эзэмших нь ямар учиртай вэ гэдэг асуулт гарцаагүй хардлага дагуулж байгаа юм. Мод тарих нэрээр олгосон тус газрын зарим хэсэг нь байгалиасаа модтой газрууд гэж горхи тэрэлж орчмын иргэд ярьж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэрээс “Танай яаманд танил талгүй бол ажил явдаггүй, жирийн иргэд аж ахуй нэгжүүдийн асуудал шийдэгдэхгүй байна. Үүнийгээ анхаар” гэж Н.Уртнасан сайдад сануулсан. Гэтэл уг сануулгыг үл тоомсорлож сайд Н.Уртнасан өөрийнхөө хүссэн зүйлийг шийддэг, хүсээгүй зүйлийг шийддэггүй. Төрийн байгууллагын өдөр тутмын ажлыг явуулахгүй байгаагаас тус яам ийнхүү шударга бус яамаар тодроод байна гэхэд хилсдэхгүй болов уу.