ВИДЕО: Б.Оюунгэрэл "МЭХ 13 настай охины хэрэг дээр шаардлага хүргүүлсэн” VS М.Нарантуяа "МЭХ хохирсон охины төлөө дуугарахгүй байна"

ВИДЕО: Б.Оюунгэрэл "МЭХ 13 настай охины хэрэг дээр шаардлага хүргүүлсэн” VS М.Нарантуяа "МЭХ хохирсон охины төлөө дуугарахгүй байна"

БНСУ-д 13 настай Монгол охиныг дөрвөн Солонгос охин 6 цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг гарсан нь олны анхаарлыг татаад буй. Уг асуудлыг шалгаж, холбогдсон этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн шаардаж буй. Тэгвэл энэ талаар нийгмийн сүлжээнд олны анхаарал татсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны тэргүүн Б.Оюунгэрэл болоод М.Нарантуяа /дуучин Нара/ нарын байр суурийг хүргэж байна.

-Б.ОЮУНГЭРЭЛ: МИНИЙ БИЧСЭН ПОСТЫГ САНААТАЙГААР МУШГИН ГУЙВУУЛСАН-

-БНСУ-д 13 настай охин хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл олны сэрд хийлгэлээ. Үүнтэй холбоотой таны пост ч нэлээд шүүмжлэлд өртлөө. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?

-Үнэхээр харамсалтай байна. Уг нь миний постыг бүтэн уншаад энэ талаар шүүмжилсэн бол зүгээр байх байлаа. Бид хүчирхийлэлтэй тэмцэж байна гэж ярьсан мөртлөө өөрсдөө бусдыгаа гүтгэн доромжилдог. Би БНСУ-д болсон хүчирхийлэл нь зөвхөн энэ охины асуудал биш. Тэнд байгаа бүх монголчуудын эрхийн асуудал, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулж, ахин хэн нэгэн ялгаварлан гадуурхалт хүчирхийлэлд өртөхгүй байх тал дээр Элчин сайдын яам анхаарч ажиллаасай гэсэн утгатай зүйл бичсэн. Гэтэл эхний гурван өгүүлбэрийг тасдаж аваад намайг элдвээр гүтгэн доромжилж байна. Хүний нэр төрд халдана гэдэг бол бие мах бодит халдахаас илүү хохиролтой зүйл. Энэ зөвхөн миний асуудал биш ийм зүйл цахим сүлжээнд маш их байна. Үүний хохирогч нь дандаа эмэгтэйчүүд байна. Тиймээс нийгмийн сүлжээнд та миний хайртай бүхэн харж, үзэж байгаа гэж нийтлэл бичих хэрэгтэй.

-Тэгэхээр та 13 настай охины хүчирхийлэлд өртсөн байдлыг хэрхэн дүгнэж байгаа юм бэ?

-Энэ бол хүчирхийлэл төдийгүй яргалал гэж үзэж болохоор аймшигтай, хэрцгий гэмт хэрэг. Тэр утгаараа маш их харамсаж байна.

-Та бүхэн эмэгтэйчүүдийн холбооны шугамаар энэ хэрэгт хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-Эмэгтэйчүүдийн холбоо иргэний нийгмийн байгууллага гэдэг утгаараа БНСУ-д суух Элчин сайдын яаманд шаардлага хүргүүлсэн. Энэхүү шаардлага хэрхэн ирэхээр дараа дараагийнхаа шаардлага уриалгыг гаргах болно. Ер нь гадаадад сууж байгаа иргэдийн асуудлыг яг төрийн субъектээрээ Элчин сайдын яам хүлээдэг. Тэр ч утгаараа тэнд байгаа бүх иргэдийн эрүүл мэнд, боловсрол, тэр улсад аюулгүй амьдрах бүх зохицуулалтыг хийх үүрэгтэй. Энэ ч утгаараа элчин сайдын яаманд шаардлага хүргүүлсэн. Ер нь хоёр улсын хоорондох дипломат харилцааны асуудал яригддаг. Мөн тэнд амьдарч байгаа 50 гаруй мянган хүний эрх яригдаж байгаа учраас болгоомжтой хандах ёстой. Гэхдээ бид хүчирхийллийг ямар ч үед тэвчиж, дэмжиж, өөгшүүлж болохгүй.

-Та бүхний Элчин сайдын яаманд хүргүүлсэн шаардлагын утга юу байсан бол?

-Бид цагдаа байгууллага шиг таслан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаггүй. Өмгөөлөгч шиг хэн нэгнийг өмгөөлдөггүй. Иргэний нийгмийн байгууллага гэдэг бол өөр өөрийн дүрэм, эрх зүйн харьяалал, чиглэлийн дагуу л үйл ажиллагаагаа явуулж Элчин сайдын яаманд шаардлага хүргүүлсэн. Харин шаардлага хоёр агуулгаар явсан. Нэгдүгээрт, 13 настай охинтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих ялыг нь оногдуулж, ял завшуулахгүй байх. Хоёрдугаарт Зөвхөн 13 настай охины асуудлаар зогсох бус тэнд ажиллаж амьдарч байгаа охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртүүлэхгүй байх чиглэлд идэвхтэй ажиллаач ээ гэсэн шаардлага хүлээсэн.

-Сүүлийн үе охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал нэлээд хурцаар тавигдаж байна. Ер нь хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх ёстой гэж та үздэг вэ?

-Бид хүчирхийлэлтэй хүчирхийллээр тэмцэхгүй. Хүчирхийлэлтэй бид хайраар, урьдчилсан сэргийлж тэмцэх учиртай. Бид хэдэн арван шорон, хамгаалах байр бариад юуг ч шийдэхгүй. Ер нь аливаа улсын хүчирхийлэлтэй тэмцэх бодлого нь таслан сэргийлдэг бус, урьдчилан сэргийлдэг байх ёстой.

-Таныг болоод МЭХ-г сүүлийн үед нэлээд шүүмжлэх болжээ. Саяхан гэхэд дуурийн театрт тоглолт үзэж байсан бичлэг шүүмжлэл дагуулсан?

-Ерво Азийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулганд оролцоод хөтөлбөрийн дагуу дуурь үзсэн. Театрын соёл ямар байх ёстой. Тэр дагуу л хувцаслаад зургаа татуулсан юм. Үүнийгээ өөрийнхөө цахим хуудаснаа оруулсан. Үүгээрээ би хэнийг ч хохироогоогүй, хууль бус үйлдэл биш гэж бодож байна. Гэтэл үндсэн хуулиар олгогдсон эрхэнд минь халдаж, үнэт зүйл рүү минь дайрсанд үнэхээр харамссан.

-Энэ бүх шүүмжлэлтэй зэрэгцээд дуучин М.Нарантуяаг эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болгох санал гарах боллоо. Өөрөө ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Хэн юу бодох нь тухайн хүний эрх. Монголын эмэгтэйчүүдийн холбоо өөрийн дүрэмтэй байгууллага. Бид дүрмийнхээ дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа. МЭХ удирдах зөвлөлтэй. 15 гишүүн байдаг.

-МЭХ-г МАН-ын үйл ажиллагааг дэмждэг гэх шүүмжлэл байдаг. Энэ нь таны намын харьяалалтай холбоотой байх?

-Би Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнийхөө дагуу МАН-ын гишүүнээр элссэн. Гэхдээ би МЭХ-нд улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй. Эмэгтэйчүүдийн холбоонд нам бүрийн төлөөлөл байдаг.

-Эмэгтэйчүүдийн холбоог эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахгүй байна гэх шүүмжлэл байдаг. Танай байгууллага сүүлийн үед ямар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Хоёр жилийн өмнө бид бөжингийн чимээгүй хашгираан гэдэг акцыг Төрийн ордонд хийсэн. Үүний үргэлжлэл болгож сая бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй холбоотой ялын бодлогыг өөрчлөхөөр “Бөжингийн чимээгүй суулт” гэдэг арга хэмжээг Төв талбай дээр зарласан. Ер нь хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ авч, зохион байгуулж байна.

-М.НАРАНТУЯА: МЭХ ЗӨВХӨН ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА УЧРААС ХОЛБООНД НЬ ЭЛСЭЖ БАЙГААД АСУУДЛЫГ ЯРИНА-

-Сая БНСУ-д 13 настай охиныг хүчирхийлсэн асуудал гарсан. Та энэ тал дээр цахим сүлжээнд байр сууриа нэлээд хүчтэй илэрхийллээ?

-Тийм ээ. 13 настай охин сургуулийнхаа дээд ангийн болоод үе тэнгийнхээ охидод чичирхийлүүлж, дээрэлхүүлсэн асуудалд би адилхан хүүхэдтэй хүн, эмэгтэй хүний үүднээс өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.

-Эмэгтэйчүүдийн холбоог 13 настай охины хэрэг дээр дуу хоолойгоо идэвхтэй хүргэсэнгүй гэж шүүмжилсэн. Энэ талаар яриач?

-13 настай охины хэрэг дээр эмэгтэйчүүдийн холбоо идэвхтэй дуу хоолойгоо хүргэхгүй байгаа юм шиг санагдсан. Илэрхийлсэн ч тэр охины эрхийг хамгаалах гэж биш БНСУ-д ажиллаж байгаа иргэдийн эрхийг бодож хэдэн үг хэлсэн. Би ч гэсэн тэгж бодож байгаа. Гэхдээ тэр охины хохирлыг яаралтай барагдуулах ёстой. Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь эмэгтэйчүүдийн эрх ашиг биш гишүүдийн эрх ашигт нийцүүлж ажилладаг юм билээ. Энэ байгууллагын талаар ярихад л зөндөө олон эмэгтэйчүүд “Хүүе ийм байгууллага байдаг юм уу. Юу хийдэг юм гээд асууж байна. Энэ нь Монголын нийт эмэгтэйчүүдэд хүрч ажилладаг байгууллага биш байна гэдгийг нотлоод өгч байгаа юм.

-Монголын эмэгтэйчүүдийн холбоог шүүмжлээд эхлэхээр таныг энэ байгууллагын тэргүүн болох нь гэх яриа явах боллоо. Зарим нь ч танд итгэл хүлээлгэхэд бэлэн гэсэн байна?

-Миний хувьд ажил албан тушаал гэхээс илүүтэйгээр үнэхээр энэ нийгэм, охид эмэгтэйчүүдийн асуудлыг шийдээд өгвөл нийгмийн томоохон асуудлыг арилгах боломжтой гэж харж байгаа. Би тус холбооны гишүүн нь биш учраас гишүүн болоод тэргүүнийх нь ажлыг шүүмжлээд 1000 орилоод надад ямар ч падгүй юм билээ. Тэгэхээр би өөрөө дотор нь орж, гишүүн нь болох хүсэлтэй өгч байж дүрэмтэй нь танилцаад ямар учиртай юм тэргүүнийг яаж сонгох юм гээд судална. Тиймээс дараа долоо хоногт элсэнэ.

-Таны хэлж байгаачлан эмэгтэйчүүдийн холбоо үнэхээр ажлаа хийхгүй байна уу?

-Тийм. Энэ байгууллагыг 2019 онд шинэ тэргүүнтэй болсон, сэргэлээ гээд цагаан малгай өмсөөд хүмүүс жагсаж байх үеэс харж байсан. Залуу эмэгтэй манлайлагчийн хувьд олон сайхан шинэ санаа гаргаж, ажлууд хийх байх гэж бодож, итгэж байсан. Гэтэл үүнээс хойш хоёр гурван жил өнгөрсөн ч өөрчлөлт гарсангүй. Нийгэмд хохирсон эмэгтэйчүүдийн тоо буураагүй, өссөн. Мөн хөрсөн дээр буусан арга хэмжээ аваагүй. Харин УИХ-ын гишүүд рүү хандсан, илүү лобби болоод урлаг талдаа үйл ажиллагаа явуулж байгаа учраас л шүүмжлээд байгаа юм. Уг нь эмэгтэйчүүдийн холбоо нь Монголын бүхий л эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө байх ёстой байгууллага. Удахгүй 100 жилийн босго дээр ирэх гэж байна. Гэтэл зөвхөн гишүүддээ л үйлчилдэг байгууллага юм байна гэдгийг сая л мэдсэн.

-13 настай охины асуудал дээр Элчин сайд яам болон Гадаад харилцааны яамыг дорвитой арга хэмжээ авсангүй гэж та шүүмжилж байгаа. Энэ талаар?

-Энэ асуудал төр засагтаа итгэх иргэдийн итгэл алдсаныг харууллаа. Монгол Улсын Элчин сайдын яам, Гадаад хэргийн яам, болон Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яам зэрэг газрууд энэ асуудлыг мэдсэн даруйдаа хамтарсан уулзалт зохион байгуулж, охины асуудлыг яаж зөв шийдэх үү, хохирлыг хэрхэн барагдуулах уу, сэтгэл санааны хохирол юу байна гэдгийг маш хурдан шийдэх ёстой байсан. Нэг үгээр хэлбэл, монгол хүн хүүхэд эрхээ хэрхэн хамгаалах юм бэ гээд хүчийг үзүүлэх ёстой байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийсэнгүй. Тиймээс энэ хэрэг дээр холбогдох байгууллага, яамууд “охины хэргийг ингэж шийдвэрлэлээ” гээд эргээд бидэнд хариу өгч, мэдээлэх хэрэгтэй. Үүнийг ч шаардах болно.

-Монголчууд энэ асуудалд нэгдэж, 200 мянган хүний санал хүсэлт илгээж чадлаа. Үүнд ч бас та дуу хоолойгоо хүргэлээ?

-Монголчууд хүчирхийллийн эсрэг нэгдэж чадсан нь маш гайхамшигтай байлаа. Гол нь ингээд зогсохгүй, цаашлаад хэрхэн эцсийг нь хүртэл явж үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал чухал. Монголд хаана нэгтээ хэн нэгний охин, хүү ийм байдалд өртөөд сурах хүсэл эрмэлзлээ алдаж байгаа юм биш биз. Тиймээс урьдчилан сэргийлсэн ажлыг Боловсролын яам болоод Эрүүл мэндийн яам, Нийгэм хамгааллын яам хамтарсан юм хийх ёстой гэж бодож байгаа. Ер нь урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авахгүй бол дандаа хэн нэгэн хохирсон хойно, арга хэмжээ авдаг системээр яваад байна.