Рийм Алсалем: Хүчирхийллийн эсрэг хуулийг орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдлаа

Рийм Алсалем: Хүчирхийллийн эсрэг хуулийг орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдлаа

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаарх Тусгай илтгэгч, хатагтай Рийм Алсалем Монгол Улсад ажилласан урьдчилсан тайлангаа өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын байранд тавьж танилцуулав.

Тэрээр манай улсад 10 хоног ажилласан юм. Энэ хугацаанд жендэрийн нөхцөл байдал, хүчирхийллийн эсрэг хийж буй ажилттай танилцан төр, засгийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, хохирогч эмэгтэйчүүдтэй уулзажээ.

Мөн Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт болон хууль эрхүйн байдал, институц, бодлогын орчинг судалжээ.

Тэрээр хэлэхдээ, “Юуны өмнө урьж ажиллуулсан Монгол Улсын Засгийн газар, энд хамтран ажилласан бүх байгууллага хүмүүст талархсанаа илэрхийлье. Монгол Улс жендерт суурилсан эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулиудыг гаргахад дорвитой ажиллаж ахиц гарсныг НҮБ-ын хүний эрхийн шинжээчийн хувьд сайшааж байна.

Тухайлбал, өнгөрсөн 10 жилд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, жендерийн эрх тэгш байдал, хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой олон гол хуулийг гаргаж жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг ажиллахад, арга хэмжээ авахад хууль эрхзүйг хүрээг бий болгож чадсан байна. Харин одоо эдгээр хуулийг орон даяар үр дүнтэй хэрэгжүүлж баталгаажуулах шаардлагатай байгаа нь харагдлаа” гэдгийг онцолж байна. Тэрээр гарсан хууль эрхзүйн хүрээнд үндэсний хууль дүрмийг олон улсын стандартад нийцүүлж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны шинэчлэлийг үргэлжлүүлэн бий болгох нийгэмд бодит тулгуур болно гэдгийг тодотгов.

Мөн нийгмийн ажилтан, цагдаа зэрэг зарим үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаанд жендерийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлага нөлөөлж буй нь хохирогчдод гэр бүлийн эв нэгдэл эс бөгөөс гэмт этгээдийн нэр, хүнд нийгэмд эзлэх байр суурийг хамгаалахын тулд гомдлоо буцааж татах дарамттай учрахад хүргэдэг талаар олж мэдээд зовниж байна. Тиймээс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс асуудалд жендерийн мэдрэмжтэй хандах хандлагыг төлөвшүүлэхийн тулд чадавхийг бэхжүүлэх, хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг  Монгол Улсын Засгийн газарт уриалж байна" гэлээ