Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Баасан гарагт Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажилласан юм.
Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулгадаа дурьдав.
Хотын дарга Замын цагдаагийн гүүрэн замыг долоодугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэнэ. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16,5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм.
Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС