Тусгаарлагдаж байсан иргэд тусгаарлалтын МӨНГӨ, СЭТГЭЛ САНААНЫ хохирлын нөхөн төлбөрийг ЗГ-аас нэхэмжилж эхэлжээ

Тусгаарлагдаж байсан иргэд тусгаарлалтын МӨНГӨ, СЭТГЭЛ САНААНЫ хохирлын нөхөн төлбөрийг ЗГ-аас нэхэмжилж эхэлжээ

Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр /2020.11.11/ манай улсад дотоодын халдвар анх бүртгэгдэж Улсын онцгой  комисс, Засгийн газрын шийдвэрээр улс орон даяар хөл, хорио тогтоож байв. Үүний дараа хуваарь гарган гадаадад гацсан болон эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тусгай үүргийн онгоцоор татан авсан. Тэднийг Монголд авчирсны дараа тусгаарлах байранд 21 хоног тусгаарлаж, гэрийн тусгаарлалтад 14 хонуулж байсан. Тухайн үед зочид буудал, эмнэлэг, сувилал нийлсэн 40 байршилд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан.

Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр нийт есөн удаа тусгаарлалтын хугацааг өөрчилж байжээ. Эцэст нь буюу 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тусгаарлах шийдвэрийг цуцалсан. Ийнхүү анхнаасаа тусгаарлах шаардлагагүй байсан бол өмнө нь тусгаарласан иргэдийн эдийн засаг болон сэтгэл санааны хохирлыг төр барагдуулах ёстой гэж тусгаарлагдаж байсан иргэд үзэж буй аж. 

Энэ дагуу иргэн Б 21 хоног тусгаарлагдсаны мөнгөн төлбөр болон сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газраас нэхэмжилж шүүхэд ханджээ. Тусгаарлалтын төлбөрт их хэмжээний мөнгө төлсөн болон тусгаарлагдах хугацаандаа хайртай, дотны хүмүүстэйгээ уулзаж чадалгүй хагацал үзсэн олон хүн бий. Ганц жишээ дурдахад, талийгаач Б.Мөнхтуяа хавдрын өвчнөө Солонгост эмчлүүлээд Монголд ирэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байдаг. Гэтэл тэрбээр тусгаарлах хугацаандаа ар, гэрийнхэнтэйгээ уулзаж чадалгүй хорвоог орхисон билээ. Өөр нэгэн бүсгүй аавтайгаа сүүлийн хоромд уулзахыг гуйж бичлэг хийж байсныг уншигчид мэднэ. 

Энэ мэтчилэн санхүү болон сэтгэл санаагаараа хохирсон иргэд Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилж эхэлжээ. 

Энэ талаар "Fidelites Partners" хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Б.Наранцэцэг хэлэхдээ "Иргэд мөнгөө авах боломжтой. Иргэдийн эрхийг хязгаарлах тухай шийдвэрийн нэг нь ч хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй байсан. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссоос батлаад шууд мөрдүүлсэн. Батлаад Хууль зүйн яаманд хянуулаад нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа хуульд зааснаар хүчин төгөлдөр болох ёстой байсан. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр хүнийг тусгаарлан хорьж, мөнгө аваад байсан. Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагад "Аливаа иргэн хууль зүйн хувьд хүчин төгөлдөр шийдвэрийг дагаж, биелүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Тэгэхээр тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан иргэн шүүхэд хандах эрхтэй" гэлээ. 

Үндсэн хуулийн 19.2-т Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. 

Үндсэн хуулийн 16.13-т Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжиж, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлахыг хориглоно гэжээ. 

Мөн Захиргааны хуулийн 4.2-т Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байна гэсэн заалтыг зөрчжээ.