Элчин сайд И.К.Азизов Монгол улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан гэж хэлэв үү

Элчин сайд И.К.Азизов Монгол улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан гэж хэлэв үү

ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн. Элчин сайдын яамны албан ёсны вэб хуудсанд тавигдсан түүний мэндчилгээ чухам ямар утга агуулгыг илэрхийлэхийг зорив гэдэг олны анхаарлыг татаад байна.

Учир нь тэрбээр мэндчилгээндээ “Эрхэм хүндэт Монгол найз нөхөд өө, Орос нутаг нэгтнүүд ээ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эрхэм хүндэт ард иргэд ээ” хэмээн хэлсэн нь монголчуудын нэн тэргүүний анхаарлыг татсан сэдэв боллоо.

Учир нь Монгол улс түүхэндээ Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байгаагүй, тусгаар тогтносон улс билээ. 1990 оноос өмнө Монгол улс, ЗХУ-тай найрсаг харилцаатай, бүхий л салбарт харилцан хамтын ажиллагаатай, бүтээн байгуулалтын ажилд хамтарч ажиллаж байсан. 

Харин Элчин сайд И.К.Азизов чухам ямар шалтгаанаар ЗХУ-ын бүрэлдэхүүн улс гэсэн үгийг хэлснийг ухаж мэдэхэд бэрхтэй байгааг иргэд хэлж байна.

Түүний МЭНДЧИЛГЭЭГ бүрэн эхээр нь хүргэе.

ХАЛХЫН ГОЛ ДЭЭР ХАМТЫН ЯЛАЛТ БАЙГУУЛСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ДЭВШҮҮЛСЭН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Монгол найз нөхөд өө, Орос нутаг нэгтнүүд ээ,

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Халхын гол дээр Зөвлөлт-Монголын цэргүүдийн байгуулсан хамтын ялалтын 80 жилийн ойн чин сэтгэлийн мэнд дэвшүүлж, баяр хүргэе! Уг ялалтын ойг тэмдэглэснээрээ бид манай улс орнуудын, ард түмнүүдийн баатрууддаа, тэдний цэргийн ахан дүүсийн холбоо болон баатарлаг үйлсэд нь хүндэтгэл илэрхийлж байгаа билээ.

Таван сар үргэлжилсэн тэрхүү цуст тулалдаануудыг бид ч, монголчууд ч мартаагүй. Тэдний үнэн утга, ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй. Халхын гол дээр болсон үйл явдлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан. Үнэмлэхүй ялалт байгуулсан нь манай ард түмнүүдийн хувь заяанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү ялалт нь Зөвлөлт Холбоот Улсыг хоёр фронт дээр зэрэг дайтахаас сэргийлж, хамаг хүчээ нацист Герман болон Европ дахь түүний холбоотнуудыг няцаахад төвлөрүүлэх боломж олгосон бол нацизм болон түүний дагуулуудыг бут цохисон явдал нь БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээг Ялта хотод болсон бага хурлын үеэр авах боломж нээсэн. Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн баатарлаг эр зориг, дарга офицеруудын ур чадвар, хүч чадлаа хамгийн ихээр дайчилсны ачаар Квантуны армийн давшилтыг зогсоож, түүний анги нэгтгэлүүдийг бут цохиж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалж чадсан билээ.

Өөрийнхөө болон холбоотныхоо төлөө эрэлхэгээр тэмцэж, милитаризм болон фашизмыг ялан дийлсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хадгалах нь бидний хамтын үүрэг билээ. Нийтлэг түүхийг маань ямар ч хамаагүй аргаар мушгин гуйвуулах гэсэн аливаа оролдлогуудыг бид үг дуугүй таслан зогсоох ёстой. Өнөө амьдарч буй бидний үеийнхэн болон бидний үр хүүхдүүд, хойч үеийнхэн маань оросууд болон монголчууд хамтын хүчээр Дорнодод болон Өрнөдөд энх тайвныг сахин хамгаалж чадсан ялагчид юм шүү гэдгийг мэдэж байх ёстой.

Цөөхөн үлдсэн ч амьд сэрүүн байгаа ахмад дайчиддаа, тэдний гэр бүл, ойр дотнынхонд амар амгаланг хүсэн ерөөе. Оросын болон Монголын ард түмэнд, бидний бүх найз нөхөд, холбоотнуудад энх тайван, цэлмэг тэнгэрийг хүсэн ерөөе!