БНСУ-ын Сөүлийн их сургуульд тэнцэж, 100 хувийн ТЭТГЭЛЭГ авсан М.Энхмэндтэй ярилцлаа

БНСУ-ын Сөүлийн их сургуульд тэнцэж, 100 хувийн ТЭТГЭЛЭГ авсан М.Энхмэндтэй ярилцлаа

isee.mn сайт өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй хичээж БНСУ-ын Сөүл их сургуульд 100 хувийн тэтгэлгээр орж чадсан М.Энхмэндтэй ярилцлаа. Бид түүний туршлага болоод гадаадад сурахад гардаг хүндрэл, бэрхшээлүүдээс нь хуваалцах болно. Магадгүй энэ нь хэн нэгэнд зайлшгүй хэрэгтэй мэдээлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. 

М.Энхмэнд

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. БНСУ-ын Сөүл их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах урилга авсан гэсэн. Баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу. 

-Сөүл их сургууль намайг урьж суралцуулж байна гэх ойлголтоос илүү би багаасаа мөрөөдөж их урт хугацаанд үе шаттай бэлдсэний үр дүн юм. Тус сургуулиас миний хөдөлмөрийг үнэлж, хүсэл мөрөөдлийг минь олж харсны үндсэн дээр энэхүү тэтгэлгийг олгосон байгаа. Олон залуусын мөрөөдөл болсон сургуульд тэнцэж чадсандаа үнэхээр баяртай байна. Багаасаа л гадаадад сурна гэсэн бодолтой байсан учраас хичээсээр байгаад тэрхүү зорилгодоо хүрсэндээ сэтгэл хангалуун байна.

-Тус сургуульд тэнцэх хамгийн том шалгуур юу байсан бэ?

-Ганц Сөүлийн их сургууль гэлтгүй ямарваа нэгэн их сургуульд бүх болзлыг хангаад үе шаттайгаар бэлдээд тэнцэнэ гэдэг маш урт процесс. Тухайн сургуулиа судлаад, бэлдээд, материалаа өгөөд, хариугаа хүлээх хүртэл маш урт санагддаг учраас эдгээр зүйлс л хамгийн том шалгуур мөнөөсөө мөн. Тус сургууль миний юуг олж харж надад итгэл хүлээлгэсэн талаар би сүүлд нь бодож үзсэн л дээ. Бүх сургуульд төгсөгчийн загвар гэсэн юм байдаг. Би анх судалж үзээд “Korea university”,”Seoul university” сургуульд тэтгэлэг авахаар хүсэлтээ өгч байсан. Эдгээр сургуулиудын төгсөгчийн загвар нь ямар юм. Надад зохимжтой нь аль юм гэх мэт. Энэ сургуулиудыг төгсөад ажлын байранд гарахад төгсөгч нарын ур чадварыг нь өөртөө шингээж чадсан байх боловсрол, суурь хүмүүжилтэй хүн би мөн юм уу  гэж бодсон.

Аль ч их сургууль бакалаврын түвшинд хүүхдүүдээ сонгож авах арга энгийн хоорондоо нэлээн төстэй байдаг ажиглагдсан.

Энэ нь эсээ бичлэг, яагаад тус сургуульд орох болсон, өөрийн гаргаж байсан амжилтууд, сайн дурын ажил, цаашдаа яаж илүү мэдлэг боловсролоо дээшлүүлж чадах вэ гэх мэтчилэн бүхий л зүйл дээр өөрийнхөө байдлыг тусгаж өгөх нь маш чухал. Ямар мэргэжлээр суралцахаа мөн сайн бодох хэрэгтэй. Мөн тухайн мэргэжлээр суралцах хугацаандаа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх мөн цаашдаа ажил дээр гараад ямар байх талаараа бас тодорхой тусгаж өгөх нь том шалгуур юм болов уу. Мөн сайн дурын ажиллагаанд оролцсон болон өөрийн амжилтуудаасаа дэлгэрэнгүйгээр хаана, хэзээ, ямар үйл ажиллагаанд оролцож байснаа бичих хэрэгтэй.

-Тус сургуульд элсэх хүсэл мөрөөдөлтэй манай улсаас маш олон хүүхдүүд байдаг тэдгээр хүмүүст зориулж зөвлөгөө өгөхгүй юу?

-Би энэ хэмжээнд хүмүүст зөвлөгөө өгөх мундаг хүн гэж бодохгүй байгаа ч өөрийнхөө бяцхан туршлагаасаа хуваалцъя. Гадаадад суралцах ойлголт нь хэдэн жилийн өмнө  хол хэцүү санагддаг байсан. Харин одоо бүх зүйлс өөр болсон байна. Олон монгол залуус гадаад сургуулиас урилга, тэтгэлэг авдаг болсон. Тэр болгоноос урам зориг авч өөрийгөө зоригжуулах бол хамгийн эхний шат. Дараа нь тууштай зүтгэх гэж хэлмээр байна. Одоохондоо ямар замаар явахаа, юу болохоо мэдэхгүй байж болно.

Гэхдээ миний туршлагаас хуваалцвал бүх хичээлдээ нэгэн жигд өөрийгөө хөгжүүлж чадвал илүү давуу талтай юм болов уу гэж бодсон.

Хүүхдүүдийг харахад “Би инженер болох юм чинь математик, физик л хэрэгтэй. Бусад хичээлээ хаяна” гэдэг. Сайн бодож үзээгүй мэргэжлээ сонгоод түүний дагуу хэдхэн хичээлээ судлаад бусдыг нь хаядаг нь буруу. Бүх хичээл тодорхой хэмжээний хүүхдүүдэд мэдлэг олгодог. Гэтэл түүнийг хэрэггүй гээд хаядаг нь бас нэг алдаа болдог. Зорьсон зорилго нь хэзээ өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Бид багаасаа л хувьсан өөрчлөгддөг зантай байсан. Би ахлах ангиасаа коллежийн системтэй буюу Японы /cosen/ програмаар явагддаг Шинэ Монгол технологийн сургуулийг барилга дэд бүтцийн ангид суралцаж төгссөн.

Гурван жил инженер болох гэж бэлтгэгдсэн гэсэн үг л дээ. Тэрхүү хугацаандаа ч би өөрийгөө олж нээх гэж оролдсоор л байсан. Иймээс сурагч солилцоогоор Япон улс руу явж судалж үзсэн. Гэхдээ эрүүл мэндийн салбар, эрүүл хоол хүнсний салбар илүү сонирхол татсан учир. Тийм учраас Сөүл их сургуульд хоол хүнсний технологич тал руугаа мэргэжлээ сонгохоор өөрчилсөн. Дунд ахлах ангидаа бүхий л хичээлдээ нэгэн жигд гайгүй байсан учраас эргээд мэргэжлээ өөрчилж хөрвөхөд ямар нэг асуудал байгаагүй гэсэн үг. Базаад хэлбэл хүн хэт нэг талыг баримталж болохгүй шүү л гэх гэсэн юм.

-Тус сургуульд мөн Солонгос хүмүүс өөрсдөө ч элсэхэд их хэцүү гэж сонссон.  Эргэн тойрныхон нь хэрхэн хүлээж авав?

-Сөүл их сургууль нь миний ажигласнаар гадаад олон улсаас гэлтгүй дотооддоо ч их өрсөлдөөнтэй сургууль. БНСУ-ын хүн амын нэг хувиас доошгүй нь тус сургуульд тэнцэж суралцдаг гэлцдэг. Мэдээж нөр их хөдөлмөрийн үр дүн учраас миний гэр бүл, ах дүү, хамаатан садан бүгд маш сэтгэл хангалуун байсан. Би ч мөн адил намайг үнэлж, тэтгэлэг олгосонд зорилгынхоо нэг томоохон хэсгийг биелүүлсэндээ баяртай байна. Цаашид Монголынхоо нэрийг гаргасан чадварлаг боловсон хүчин болох болно.

-Яг хэзээнээс хойш тус сургуульд элсэх зорилт өөртөө тавьж нийт хэдэн жил зарцуулсан бэ?

-Би багаасаа тогооч болох юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан л даа. Яахав энэ нь жаахан хүүхдийн гэгээхэн мөрөөдөл байлаа. Хэдий ийм  ч эргээд харахад одооны миний мэргэжилтэй холбогдож таарч байна лээ. Дунд анги буюу Улаанбаатар бүрэн дунд сургуульд суралцаж байх хугацаандаа Солонгосын гэгдэх бүхий л тэмцээнийг алгасахгүй ордог хүүхэд байсан. Орсон тэмцээн бүртээ ямар нэг шагнал авч гарч ирдэг байсан болохоор энэ эрчээрээ хичээх хэрэгтэй шүү л гэсэн бодол үргэлж байдаг. Мөн тэрхүү үеэс эхлээд хүүхдүүд мэргэжлээ сонгож бодож эхэлдэг дээ. Би бас яг ямар хүн болох гээд байгаа тухайгаа бодож эхэлсэн юм.

Тэгээд улсдаа хувь нэмэр оруулсан инженер яагаад болж болохгүй гэж бодоод Шинэ Монгол сургууль руу орсон ч миний цаашдын зорилго яг мөн эсэхийг бодож үзээд ийнхүү сольсон. 

Яахав багаасаа Солонгост сурах юмсан гэсэн мөрөөдөл минь байсан учраас хичээсэн. Харин яг их сургуульд орох процесс маань нэг жил байсан. Ахлах сургуулиа төгсөөд Солонгос хэлний шалгалт болох TOFIC өгөх гэсэн ч цар тахлын улмаас хойшлогдож, тэгээд орчинд нь сураад яагаад бэлдэж болохгүй гэж бодон Солонгос улс руу явсан. Тэгээд нэг жилийн хэлний бэлтгэлдээ явж сүүлийн 2,3 сард нь сургуулийн тэтгэлэгт хамрагдах бэлтгэл ажил явсан.

-Төгсөөд БНСУ-даа ажиллах уу. Холын зорилгоо гаргаж амжсан уу?

-Миний мэргэжлийн хувьд бакалаврын зэргээ дуусгаад дахиад судлах шаардлагатай.  Тиймээс яаралгүй маш сайн боловсрол эзэмших чухал. Солонгос сургуулиуд эхний 1,2 курсдээ суралцаж байгаад сүүлийн хоёр жил ажилд гарах бэлтгэлээ хийдэг. Иймээс төгсөөд юу ч гэсэн мэргэжлээ дээшлүүлж Солонгостоо хэсэг ажиллаж туршлага суух зорилго байна. Мэдээж Монголдоо энэ мэргэжлийн салбарт хувь нэмэр оруулах үүднээс гадаад орныг зорьж байгаа. Энэ нь эх орондоо хэрэгтэй хүн болох юмсан гэсэн хүслийг минь бадрааж өгсөн. Эцэст нь залуустаа хандаж хэлэхэд өөрсдийгөө огтхон ч голох хэрэггүй. Чи өөрийнхөө бодож байгаагаас ч илүү мундаг хүн болж чадах учраас битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа