АН-ын даргыг тодруулах тус намын дотоод сонгууль ирэх сарын 25 –ны өдөр болно гэсэн албаны мэдээлэл байсан ч, тус шийдвэр гэнэт өөрчлөгдөж энэ сарын 28-ны өдөр тодруулна гэж тус намын Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдсэн. Харин тус шийдвэрийг хууль, АН-ын дүрэм зөрчсөн шийдвэр гэж АН-аас мэдэгдэж байгаа юм.
Учир нь Дотоод сонгуулийн хороо нь АН-ын хүчингүй болсон тамгыг ашиглаж, энэ сарын 28-ны өдөр болох сонгуулийг зарласан байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, АН-ын Дотоод сонгуулийн хорооны XHT0765 дугаартай тэмдгийг хүчингүйд тооцох тухай зар Өдрийн сонины нэгдүгээр сарын 11 –ны өдрийн дугаарт нийтлэгдэж байжээ.
Иймд Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг Ц.Туваанд үйлчилж байна гэж хардаж байгаа ажээ.
Тэгвэл энэ сарын 28-ны өдөр тодруулах Ц.Тувааны АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, АЗО-ны гишүүн С.Эрдэнэболд нарын дөрвөн хүн өрсөлдөж байгаа бол Ц.Оюунгэрэл, Ж.Батсуурь тэргүүтэй 12 хүн нэрээ татсан байна.
Хачирхалтай нь, тус сонгуулийн үр дүн тодорхой байж болзошгүй байгаа ажээ. Тодруулбал, Ц.Тувааны АН-ын даргын сонгуульд О.Цогтгэрэл ялалт байгуулах бол, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар тус сонгуулийг олон нийтэд өрсөлдөөнтэй харагдуулах, үзүүлэх тоглолтод оролцож байж магадгүй байгаа ажээ.