Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сонгуульд оролцохын төлөө тууштай байгаа

Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сонгуульд оролцохын төлөө тууштай байгаа

Ц.Оюунгэрэл Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн ч өрсөлдөөгүй шалтгааныг тайлбарлажээ. Тодруулбал, тэрбээр "АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй болно. Маргаантай асуудлын учрыг олохын тулд мэдээлэл авах эрхээ эдлэх үйл явц болж байх зуур Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчсөн, дүрмийн бус үйл ажиллагаа явагдлаа. Иймд дараах анхааруулгыг И.Мөнхжаргалд хүргүүлэхээр илгээлээ" хэмээжээ. 

Анхааруулгад "Миний бие Дотоод сонгуулийн хорооны 4 дүгээр тогтоолын дагуу нэр дэвшихээ бүртгүүлсний дараагаар Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоолууд болон надад ирүүлсэн албан бичгүүд дээрхи гарын үсэг, тамгануудыг нягталж үзлээ. И.Мөнхжаргалын гарын үсэгтэйгээр ирсэн 3 дугаар сарын 09-ны 8 тоот болон 3 дугаар сарын 10-ны 11 тоот албан бичигт тус, тус 2021 оны хоёрдугаар сарын 11-ны өдрийн "Өдрийн сонин"-д гарсан "хүчингүйд тооцов" зар мэдээнд орсон "ХНТО7658485316" дугаар бүхий ДоСХ-ны тэмдгийг дарсан байв. Хүчингүйд тооцогдсон тэмдэг хэрэглэж байгаа нөхцөлд банкны аливаа гүйлгээ нь хууль бус төдийгүй, үүнийг мэдсээр байж ийм үйл ажиллагааг явуулах, оролцох, хөхиүлэн дэмжих нь зохион байгуулалттай залилангийн гэмт хэргийн шинжтэй болох эрсдэл үүсгэж буй тул миний бие ХАС банкинд хандаж Дотоод сонгуулийн хорооны гэх 5004153497 тоот дансны үйл ажиллагааны найдвартай байдлын талаар тодруулга лавлагаа хүссэн билээ. 

Энэ тухайгаа Дотоод сонгуулийн хороонд мэдэгдэж, ХАС банкинд явуулсан бичгийнхээ хувийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны 14 цагаас өмнө хүргүүлсэн билээ. Гэвч хууль ёсны энэхүү болгоомжлолыг үл тоомсорлож ХАС банкнаас ирэх хариуг хүлээж байж мөнгө шилжүүлэх эсэхээ шийднэ гэдгээ илэрхийлсээр атал өөрсдийн гаргасан тогтоолд заасан сурталчилгааны нээлтийн товыг зөрчин хууль бус, дураар авирласан сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь И.Мөнхжаргалын удирдаж буй аливаа үйл ажиллагаанд итгэх итгэлийг бүр мөсөн үгүй хийлээ" гэжээ.