С.Ганбаатар: МАН, МАХН-тай хамтарч сонгуульд оролцохыг 100 хувь эсэргүүцэж байна

С.Ганбаатар: МАН, МАХН-тай хамтарч сонгуульд оролцохыг 100 хувь эсэргүүцэж байна

Энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъяан “МАН, МАХН-ны нэгдэх асуудлаарх ажлын хэсгийг энэ долоо хоногт байгуулна” гэж мэдэгдсэн. Тэгвэл тус намаас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон ганц гишүүн болох С.Ганбаатар энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр “Би дэмжихгүй байна. Учир нь энэ асуудал намын гишүүдийн олон ургалч үзлээр шийдэгдэх ёстой. Бид их хурлын сонгуульд “Иргэний зориг ногоон нам”, “Уламжлалын нэгдсэн нам”-тай хамтарч оролцсон. Дараа нь орон нутгийн сонгуулиар Ардчилсан намтай хамтарсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардын намтай хамтарч орох гэж байна. Бидний байр суурь ийм хол зөрж, үсэрч болохгүй. Гишүүн, дэмжигчдийн жанжин шугам гэж байдаг. Манай нам гишүүн, дэмжигчдийнхээ саналыг харна гэдэг байр суурьтай байгаа. Үүнд нь би хувь нэмэр оруулж, Ардын намтай нийлж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ардын нам бол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг сандайлаад суучихсан нам. Тиймээс Монгол орноос уул уурхайн баялгийг нь хулгайлсан намтай нэгдэж  болохгүй. Хулгайлах ажлыг зохион байгуулсан удирдагчид өнөөдөр МАН  дотор байгаа. Баялгийн эх оронч үзлийг баримталдаг МАХН үзэл бодлоо өөрчилж болохгүй. Харин МАН өөрийн ялах магадлалтай, хамгийн том өрсөлдөгчөө зайлуулах хэрэгсэл болгож, манай намын зарим нэг хүнтэй яриа хийсэн гэдэг мэдээлэл явж байна. Би ийм зүйл арай ч болохгүй гэж итгэсэн хэвээр байна.

Би Н.Энхбаяр даргыг намынхаа гишүүн, дэмжигчидтэй нэг байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байна. МАН бол уул уурхайн баялгийг цөмлөн дээрэмдэж, төрийн албан тушаалуудыг худалддаг нам болсон. Тиймээс би сонгуульд хамтрахыг 100 хувь эсэргүүцэж байгаа” гэв.