ҮХЦ-ийн ХОЁР гишүүний орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

ҮХЦ-ийн ХОЁР гишүүний орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэр дэвшүүлэгчдийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүд зургаан жилийн бүрэн хугацаатай ажилладаг. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Хуулиараа нөхөн томилгоог хийтэл тэд албан үүргээ гүйцэтгэсээр байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу, Улсын дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Нэр дэвшигчийн материалыг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон [email protected] и-мэйл цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авах юм байна.

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);
  2. төрийн албан хаагчийн анкет;
  3.  иргэний үнэмлэхний хуулбар;
  4. боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  5. нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.
  6. хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт. Үүнд:
  •  хууль зүйн мэргэшсэн салбар;
  • улс төрийн мэргэшсэн байдал;
  •  мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;
  •  эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);
  •  ном, судалгааны бүтээлийн жагсаалт;
  •  дээрх шаардлагыг нотлоно гэж үзсэн бусад баримт;

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлэх юм.