БАРИМТ: ИНЕГ-ын Б.Алтанцом, Д.Эрдэнэбаатар нарын хувьдаа ашигласан автомашиныг АТГ, Прокурор шалгаж байна 

БАРИМТ: ИНЕГ-ын Б.Алтанцом, Д.Эрдэнэбаатар нарын хувьдаа ашигласан автомашиныг АТГ, Прокурор шалгаж байна 

Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд “Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хэрэгжилт, үр дүн”-д шалгалт хийж олон нийтэд дүнг танилцуулсан. Энэ үеэр тус төслийн багийнхан галын командлагчийн зориулалтаар “Ланд-200” автомашиныг Японы “Мицибүши” компаниас 723 сая төгрөгөөр худалдан авсан мэдээлэл олон нийтэд ил болсон юм.

-ИНЕГ-ЫН Б.АЛТАНЦОМ, Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН УНАЖ БАЙСАН “ЛАНД КРУЙЗЕР 200”-Г ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОНГОЦНЫ БУУДАЛД ШИЛЖҮҮЛЭН АВЧЭЭ -

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төслийн багийнхан уг машинаа 2017 онд Иргэний нисэхийн ерөнхий газарт /ИНЕГ/ 1.1 тэрбумын үнэлгээтэйгээр шилжүүлсэн байдаг. Гэтэл Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа авто бааздаа хадгалах байсан  тус машиныг ИНЕГ-ын зарим дарга амины хэрэгцээндээ ашигласан нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоогдсон билээ.

Тодруулбал, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом, НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар хадгалах ёстой машиныг хувьдаа ашигласан гэх. Б.Алтанцом, Д.Эрдэнэбаатар нарыг тус машиныг унаж буйг Монгол дахь “ЖАЙКА”-ийнхан харж “Онгоцны буудлын үйл ажиллагаанд ашиглах машиныг ИНЕГ-ын дарга нар хувьдаа хэрэглэж буй нь буруу” хэмээн хэл, ам хийсэн гэх мэдээлэл ч байдаг.

Удалгүй энэ тухай мэдээлэл олон нийтэд ил болж иргэдийн шүүмжлэлд өртөхөд ИНЕГ-аас тус машиныг Хөшигийн хөндийн онгоцны буудлын менежментийн баг буюу Японы талынханд хүлээлгэн өгчээ.

Японы тал машиныг хүлээж авсан даруйдаа жинхэнэ галын командлагчийн зориулалтаар будаж, засаад Хөшигийн хөндийн онгоцны буудлын грашт тавьсан байна. Одоо тус машин Хөшигийн хөндийд буй бөгөөд онгоцны буудлыг үйл ажиллагааг нь долдугаар сарын 01-ны өдөр нээхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 06-ны өдөр /2021.03.06/ тус буудалд ажиллах үеэрээ мэдэгдсэн. Тэр үед тус машиныг ашиглахад бэлэн болгож засчээ.  

Аудитын дүгнэлтийн хэсгээс

-МАШИНЫ ХУДАЛДАН АВАЛТЫГ АТГ ДАХИН ШАЛГАЖ БАЙНА УУ-

Аудитын дүгнэлтэд “2017 оны зургадугаар сарын 14-ний өдөр тус машиныг ИНЕГ-ын нэр дээр бүртгэж, 2017 онд ИНЕГ-ын тэргүүн дэд дарга, 2018-2019 онд ИНЕГ-ын НБУГ-ын дарга нар албан хэрэгцээнд ашиглаж байгаа нь зээлийн хөрөнгөөр худалдан авсан зориулалтай нийцэхгүй байна” гэж дурдсан байдаг. Уг автомашин нь анх 0450 УБҮ улсын дугаартайгаар бүртгэгдэж байсан бол ИНЕГ-ын харьяанд шилжихдээ 2735 УНП болон өөрчлөгдсөн байдаг.

ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом, НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар хадгалах ёстой машиныг хувьдаа унасан нь үнэн гэж учир мэдэх хүмүүс хэлэх бөгөөд зөвшөөрлийг нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн олгосон байх магадлалтай гэх хардлага бий.

Цаашлаад Японы “Мицибүши” компаниас тус машиныг 723 сая төгрөгөөр худалдан авсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй аж. Тодруулбал, шалгалтын дүнд үндэслэн аудитаас 2020 оны дөрөвдүгээр сард прокурорт гомдол гаргажээ. Үндэсний аудитын газраас мэдэгдэж буйгаар прокуророос тус асуудлыг нэг удаа буцаасан ч дахин шалгуулахаар прокурорт тайлангийн хамт өгчээ. Тиймээс одоо тус асуудлыг АТГ болон прокурорт шалгаж байх магадлалтай байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө