FINANCIAL TIMES: Стэнли Стюартын Монгол нутгаар аялсан ТЭМДЭГЛЭЛ

FINANCIAL TIMES: Стэнли Стюартын Монгол нутгаар аялсан ТЭМДЭГЛЭЛ

Хязгааргүй мэт үргэлжлэх тал нутаг, номин хөх тэнгэр, хонин сүрэг, хотол цагаан гэрүүд…Монгол хүн бүрт танил дотно мэдрэмж төрүүлэх эдгээр зүйлс харийн хүний нүдэнд хэрхэн үзэгддэг бол. Олон улсын статустай “Financial times” сонинд Стэнли Стюарт хэмээх хүний Монголоор аялсан аян замын тэмдэглэл нийтлэгджээ.

“Би тэнд байхыг хүсэж байна: Монголын тал нутгийг морьтой туулах нь” хэмээх уг аян замын тэмдэглэлд Монголчууд бидний ахуй амьдралыг хэрхэн дүрсэлснийг уншигч танд орчуулан хүргэж байна. 

-ЭНЭ АРД ТҮМЭНД ЭРТ ҮЕД БАЙСАН НҮҮДЭЛЧИН АХУЙ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХАДГАЛАГДАН ҮЛДЖЭЭ-

Москвагаас Бээжин хүртэл Транссибирийн төмөр замаар удаан хугацаанд явсны эцэст Монголын уудам тал нутаг намайг угтан авлаа. Дуусашгүй мэт үргэлжлэх Сибирийн ой гэнэтхэн л төгсгөл нь үр мэдэгдэх тал нутгаар солигдож орхив. Галт тэрэг өвсөн дээгүүр яг л далайд аялж буй хөлөг онгоц мэт давхих агаад тэнгэрийн хаяа тэртээ хол хязгааргүй үргэлжилж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Монголын тэнгэр хязгааргүй бөгөөд энэ улс яг л дэлхийн захад бий болсон асар том орон зай мэт санагдаж байлаа. Монголтой би анх ингэж танилцсан юм. Эхэндээ би галт тэрэгний цонхны цаанаас юу ч олж хараагүй. Ямар ч хүн, амьтан, тариалангийн талбай, хашаа хороо байгаагүй. Гэнэт би зүлэг ногоон талд мөөг мэт харагдах цагаан гэрүүдийг олж харсан. Энэ бол Монголчуудын эртнээс амьдарч, аж төрж ирсэн гэр хэмээх сууц. Нүүдлийн амьдралыг сонирхдог, судалдаг хэн бүхний хувьд Монгол бол бэлчээрийн мал аж ахуйн соёлын сонгодог жишээ юм. Энэ ард түмэнд эрт дээр үед байсан нүүдэлчдийн ахуй тэр чигээрээ хадгалагдан үлджээ. 

Баянхонгор аймаг. Уламжлалт морин уралдаанд орохоор явж буй хүү

Би Монголд анхны харцаар дурлаж орхисон. Хөдөө нутагт тээврийн хэрэгслээс морийг илүүд үзэх бөгөөд Монголын тал нутгийг мориор туулах хүсэл өөрийн эрхгүй төрсөн юм. 13-р зууны эхээр Чингис хааны удирдлага дор нүүдэлчин овог аймгууд нэгдэж Монголын эзэнт гүрэн байгуулагдсан бөгөөд маш бага хугацаанд Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэл өргөжсөн. Нэгэн цагт Монгол Улс дэлхийг захирч байсан.  

Би Азийн олон орноор аялсан. Хачирхалтай нь миний аялсан бүхий л улс орны түүхэнд Монгол улс томоохон байр суурь эзэлж байв. Тухайлбал, Хятадууд Монголчуудаас айхдаа Цагаан хэрэм барьж, хана босгосон. Оросууд өөрсдийгөө Татарууд гэдэг. Энэтхэгчүүдийн өвөг дээдэс Моголчуудийн угсаа гарвал нүүдэлчдээс улбаатай бөгөөд одоо ч зарим нь өөрсдийгөө Могол гэж нэрлэдэг. 

-НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУД ТАНИХГҮЙ ХҮНИЙГ Ч  ХАЛУУН ДУЛААНААР ХҮЛЭЭН АВДАГ -

Монголын баруун нутаг болох Өлгийгөөс зүүн зүгт орших Дадал хүртэл би мориор аялахаар шийдсэн юм. Ингээд л Чингис хааны элч шиг буухиа аяллаар явж, морь болоод газарчаа хэд хэд хоногийн зайтай сольж байв. Надад майхан, хоол хийх хэрэгслүүд байсан ч ихэнхдээ би нүүдэлчдийн зочин болж дайлуулдаг. Өнөөгийн Монголчууд эелдэг, даруу, зочломтгой хааяа сархад хүртэж хөлчүүрхэх хэсэг ч бий. Монголын нэг захаас нөгөө зах хүртэл аялахад нүүдэлчид намайг урьд өмнө нь огт таарч байгаагүй хэрнээ халуун дулаанаар хүлээн авч, хооллож, дулаацуулж байсан. Монгол айлд хоноод өглөө сэрэхэд хүүхдийн цангинасан инээд, морь янцгаах, хонь ишиг майлах, нохойн хуцах чимээ угтдаг сан. 

Ингэж явсаар би Батширээтэд ирэв. Алслагдсан сум хэдий ч номын сан хүртэл байсан. Нарс модоор хийсэн ширээ сандал бүхий энгийн тохижилттой уг номын санд Оросын сонгодог бүтээлүүд дүүрэн байв. Тургенев, Толстой, Чеховын гэх мэт. Харин англи хэл дээрх бүтээлүүд цөөн. Номын санч залуутай би найзууд болсон. Тэр надаас нүүдэлчдийн яг юу нь сонирхолтой байгааг асуусан юм. Харин би 13-р зуунд Монголд айлчилж байсан Уильям Рубрукийн дүрсэлсэн ертөнц одоо хүртэл хэвээр байгаа нь гэж хариулсан. 

Намайг Монголоор анх аялснаас хойш Улаанбаатар хот хүн хөдөлгөөн ихтэй болж, олон нүүдэлчин суурьшихаар ирэх болсон. Гэвч өнгөрсөн 20 жилийн туршид Монголын ахуй амьдралаас юу ч өөрчлөгдөөгүй. Яагаад гэвэл хэдэн зууны туршид ч өөрчлөгдөөгүй шүү дээ. Монголчууд нэг ч инч газар өмчилж авдаггүй, хашаа хатгадаггүй тал нутагтаа эрх чөлөөтэй амьдардаг. Бэлчээр “элэгдэх” үед тэд өөр нутаг сэлгэн нүүдэллэн оддог бөгөөд гэрийн буурьны дугуйнаас өөр зүйл үлдээдэггүй. Сар орчмын дараа гэрийн буйрын ул мөр ч арилна. Тэд тал нутгаа минийх гэж өмчилдөггүй,  тэгэх шаардлагагүй гэж боддог. Үүнийг нь биширдэг юм. Монгол ахуйн үнэр, аргалын галыг би санаж байна. Өдөр бүрийн тааварлашгүй уур амьсгал, морь унан давхих залуусын дүр зүргийг ч санаж байна. 

Стэнли таван сарын турш морин аялал хийснийхээ дараа

Эх сурвалж: Financialtimes

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө