Н.Адъяадорж: Аврах ажиллагаа дууссаны дараа баярлаж буй иргэдээ хараад амь өрссөн газар ажиллаж байснаа мартдаг

Н.Адъяадорж: Аврах ажиллагаа дууссаны дараа баярлаж буй иргэдээ хараад амь өрссөн газар ажиллаж байснаа мартдаг

Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу энэ сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах Богд-Ар хорооллын 11а байрны 8 давхарт их хэмжээний гал гарч тус байрны оршин суугчдад гэнэтийн аюул тулгарсан юм.

Тус байрны 8 давхрын кабель холбооны утасны босоо сувагчлалд гал гарснаар, их хэмжээний угаар бий болж онцгой байдлын газрын аврагчид галын голомт дээр шуурхай ажиллан нийт 66 иргэний амь насыг авран хамгаалсан билээ. Иргэдийн амь нас, аюулгүй байдлын төлөө гал түймэр, үер усны гамшиг руу эргэлзэлгүй дайран ордог гэдгээрээ аврагчдын ажил бол яахын аргагүй “онцгой алба”. Хэнд, хаана, ямар аюул тулгарна “аврагчид” бүхнээс түрүүлж очиж, тусламж үзүүлнэ.

Нийслэл хотод өдөр бүр ахуйн чанартай гал түймэр гардаг ч Богд-ар хороололд гарсан тухайн өдрийн гал ердийнхөөс илүү аюултай, олон хүний амь нас авч одохоор эрсдэлт нөхцөл байдал үүсээд байжээ. Тухайн өдөр гал гарсан давхарт ихэвчлэн ээж, аав нь ажилдаа явсан бага насны хүүхдүүд, гэртээ суудаг өндөр настнууд үлдээд байсан бөгөөд галын аюулаас хэрхэн мултрахаа мэдэлгүй сандарцгааж байжээ. Харин Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галын голомт дээр шуурхай очиж, ажиллан албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэснээр хэн нэгэн  иргэний амь нас аюулд ороогүй юм. Бид тухайн галын голомт дээр баг, бүрэлдэхүүнээ чадварлаг удирдан, хариуцлагатай ажиллаж чадсан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч Н.Адьяадоржтой холбогдож ярилцлаа.

-ӨНДӨР НАСТАЙ ИРГЭДИЙГ ДОЛООН ДАВХАРААС ҮҮРЧ ГҮЙН, ГАДНА ОРЧИНД ЯАРАЛТАЙ ГАРГАСАН. УГААРТСАН ЗАРИМ ИРГЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН-

-Сайн байна уу, юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн,сайн байцгаана уу. Би Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч хошууч Н.Адьяадорж гэдэг хүн байна. Албандаа зүтгээд 14 дэхь жилдээ болж байна.

-Та бүхний оролцсон аврах ажиллагааны талаар иргэд цахим орчинд их эерэг сэтгэгдэлтэй байгаа харагдсан. Галын дуудлага аваад голомтот очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Тэр өдөр 16:09 цагийн үед  Богд-Ар хорооллын 11а байрны дээврээс утаа гарч байна гэсэн дуудлага мэдээлэл, шуурхай  удирдлагын төвөөр дамжиж манай ангид ирсэн. Үүний дагуу манай ангийн хоёрдугаар тасаг хамгийн эхний дуудлагаар очиж ажилласан. Очиход, 8-аас дээш давхарт утаажилт маш их үүссэн, нөхцөл байдал хүндэрсэн байсан тул нэмэлт хүч дуудсаны дагуу манай ангийн хоёр автомашинтай алба хаагчид, аврах шат зэрэг нэмэгдэж ирсэн. Галын шалтгаан нь орон сууцны давхар бүрт байдаг кабелийн багц утас буюу тухайн байрны 8 давхарын кабель холбооны утасны босоо сувагчлал шатсан байсан тул их хэмжээний утаа, тортогийг ялгаруулж байсан л даа.

-Ихэвчлэн бага насны хүүхдүүд, өндөр настай иргэд гэртээ үлдсэн байсан гэсэн, хүмүүс их сандралтай байсан байх?

-Тийм ээ, долоогоос дээш давхарын иргэд утаажилтын бүсэд орж, угаарын хийд хордсон байдалтай байсан. Гэртээ цоожлогдоод үлдсэн бага насны хүүхдүүд, ихэвчлэн гэртээ өнждөг өндөр настай иргэд ч байсан. Бид өндөр настай иргэдийг аврах шатаар буулгах боломжгүй тул аврагчид маань тухайн иргэдийг үүрч гүйн утаажилтын бүсээс гаргасан. Тэр үед зарим иргэд угаарын хийд хордсон тул яаралтай эмч дуудаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байгаа.

-АВТО МЕХАНИК ШАТ АШИГЛАН БАРИЛГЫН 8 БОЛОН 10 ДАВХАРААС НИЙТ ЗУРГААН ХҮҮХДИЙГ БУУЛГАСАН-

-Тус орон сууцны 8 давхарт гал гарсан гэсэн. Ер нь газар дээр нь түргэн шуурхай очиж ажиллаагүй бол ямар эрсдэл үүсэх байсан бэ, орон сууцанд гарсан гал бүх давхарын иргэдийг угаартуулах эрсдэл бий юу?

-Кабелийн утас шатахдаа материалаасаа шалтгаалан маш их хорт утаа ялгаруулдаг. Орон сууцны хувьд битүү орчин тул утаажилт мөн маш хурдан тархдаг. Тэр тусмаа өвлийн улиралд айлууд цонх хаалгаа битүүлэн, дулаахан орчин үүсгэдэг тул гарсан галын утаа битүү орчинд тарж, иргэдийг хурдан хугацаанд хордуулж эхэлдэг тул амь насанд маш аюултай. Тиймээс иргэд маань маш анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ харгалзах хүнгүй үлдээхгүй байх хэрэгтэй.

-Аврах шатаар хүмүүсийг буулгаж байгаа зураг цахим орчинд яваад байсан шүү дээ. Уг аврах шатаар ямар байдалд байсан, хэдэн иргэнийг аварсан бэ?

-Гал унтраах үйл ажиллагаанд нийт 36 метр сунадаг авто механик шат маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний хувьд тухайн байрны 8 болон 10 давхараас нийт зургаан хүүхдийг авто механик шат ашиглан буулгасан. Ихэвчлэн хаалгаараа гарах боломжгүй, утаажилтын бүсэд өртсөн, авто механик шатаар буух боломжтой хүүхдүүдийг нэн даруй авран хамгаалсан. Өөр, өөр цонх, давхруудад байгаа тул яаралтай ажиллаж аврах шатаар буулгасан. Үүний сацуу хаалгаа тайлж өгсөн, гарах боломжтой зургаан хүүхдийг дотор шатаар буулгаж, гадна орчинд гаргаж ирсэн.

-Галын нөхцөл байдал дээр ажиллахад техник хангамж хэр хүрэлцээтэй байв?

-Манай ангийн хувьд гал унтраах, аврах үйл ажиллагаандаа сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашигладаг. Тиймээс боломжийн, хүрэлцээтэй гэж ойлгож болно.  Мөн манай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги  нь Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн иргэддээ түргэн шуурхай хүрч ажилладаг.

-Онцгой байдлын ажилчид гэмтэж, бэртэх нь хэр байдаг вэ?

-Ер нь бол сүүлийн үед гэмтэж бэртэх асуудал тун бага болсон л доо. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмээ маш сайн баримталж ажиллах хэрэгтэй гэдгээ аврагчид маань үргэлж санадаг.

-ЭХЛЭЭД АЙЖ САНДАРЦГААЖ БАЙСАН ИРГЭД АВРАХ АЖИЛЛАГАА ДУУССАНЫ ДАРАА АЛГАА ТАШААД БАЯРЛАЖ БАЙСАН-

-Ер нь осол, аваарийн дуудлага авсны дараа аль болох түргэн шуурхай газар дээр нь очих нь чухал байдаг байх.  Та бүхэн ослын газар дээр ажиллах төлөвлөгөөгөө яаж боловсруулдаг вэ?

-Мэдээж юун түрүүнд түргэн шуурхай байх нь маш чухал. Галын дуудлага авсны дараа ингэж ажиллана, тэр иргэнийг ингэж аварна, гарсан галыг тэгж унтраана гэх мэтээр наана нь төлөвлөх ямар ч нөхцөл, арга бидэнд байхгүй л дээ. Тиймээс гарсан галын голомт дээр очоод тухайн үеийнх нь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа тактикаа боловсруулж ажиллана гэсэн үг. Жишээлбэл, аль хаалга хаалттай байна, аль нь нээлттэй байна, аль хаалгаар нь орвол иргэдийг түргэн шуурхай, аюулгүй гаргах уу гэдгээ газар дээр очоод түргэн хугацаанд бодож тооцоолон ажилладаг.

-Танай анги хамт олны хувьд өмнө нь олон аврах ажиллагаанд оролцож байсан байх. Ямар үед хамт олноороо, мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ?

-Ер нь аймхай хүн бол асч буй гал, давалгаалан шуугьж буй их үер лүү орохыг хүсэхгүй, чадахгүй шүү дээ. Тиймээс онцгой байдлын албанд маань хамгийн зоригтой залуус ажилладаг гэж би боддог. Бидний ажил бол “эргэж буцахын аргагүй” алба. Богд-ар хороололд гарсан гал түймрийн хувьд л гэхэд эхлээд хүмүүс айж сандарцгаасан, “тэгж унтраалаа, ингэж унтраалаа хүүе тэглээ, тэнд хүүхэд байна” гээд л орилолдож байсан. Аврах ажиллагаа явагдаж дууссаны дараа бүх иргэдээ авраад гаргаад ирэхэд эхлээд айж, сандарч байсан иргэд маань баярлалдаад л, алгаа ташаад л тайвшраад эхэлдэг. Бид  ч мөн адил түрүүхэн л улаан гал дотор, амь өрсөн ажиллаж байснаа мартаад, баярлаж буй хүмүүсийг хараад л маш их баярлаж, ажил үүргээрээ бахархдаг даа.

-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.