Замбараагүй хот төлөвлөлт, газрын наймаа, автозамын буруу бодлогын алдааг иргэдэд үүрүүлнэ

Замбараагүй хот төлөвлөлт, газрын наймаа, автозамын буруу бодлогын алдааг иргэдэд үүрүүлнэ

-“ХОВДЫН МАЛЧИН ӨВГӨНИЙГ, ХОТ ОРЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ ШИЙТГЭДЭГ СОЦИАЛИЗМЫН ҮЕ БИШ-

Эдийн засгийн хурдацтай өсөлт, автомашины үйлдвэрлэлийн дүнд автомашины тоо жил бүр нэмэгдсээр байгаа. Замын түгжрэл хөгжиж буй орнуудын толгойны өвчин хэдий ч, анагаах эм одоо болтол олдоогүй. Манай улсад харин дугаарын хязгаарлалт хийж нэг үзэв, нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглож үзэв, зөвшөөрөлгүй газар зогссоныг нь "ачиж" үзэв, “Yellow box junctions”-ийг томоохон уулзваруудад хийж үзэв. Эцэст нь тусыг эс олов.

Гэтэл саяхнаас Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгахын тулд “Хотын төвөөр өнгө үзэмжгүй, торгуультай автомашин нэвтрүүлэхгүй” гэх шийдвэрийг эрх мэдэлтнүүд гаргаад байна. Тодруулбал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах төлөвлөгөө гаргаад буй. Ингэхдээ “Хотын төв буюу А бүс рүү бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, татвараа төлөөгүй, хугацаандаа үзлэгт хамрагдаагүй, өнгө үзэмжгүй тээврийн хэрэгсэл оруулахгүй” гэдэг олиг муутайхан төлөвлөгөө яриад сууж байна.

Нийслэлд хот төлөвлөлт, автозамын ачааалал зууны өмнөх Хятадын худалдааны пүүсүүд шиг хөглөрсөн дүр зурагтай адилхан байгаа нь үнэн. Гэхдээ зуунаар хоцрогдсон сэтгэлгээгээр хөгжилд хандаж,  ардчилсан нийгэмд хүний хувийн эд хөрөнгийг үзэмжтэй үзэмжгүйгээр нь ялгах гэж байгаад олон хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Өнөөдөр “дарга нартаа шийтгүүлсэн Ховдын малчин өвгөнийг хот орж болохгүй” гэж бусдын эрхийг хааж боогдуулдаг социализмын үе биш. XXI зуун.

-ХОТЫН ТӨВИЙН БҮХ ЗОГСООЛЫГ 8-15 МЯНГА БОЛГОЖ “ИРГЭДИЙН ХАЛААС РУУ ӨНГИЙВӨЛ” ТҮГЖРЭЛ БУУРНА ГЭЖ ҮЗЖЭЭ-

Түгжрэл бууруулахын тулд эрх мэдэлтнүүдийн олсон мэргэн санааг товч дурдвал,

Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ гэсэн судалгааг гаргажээ. Иймд ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргахгүй л бол болохгүй гэх. Энэ үүднээс хэрэгжүүлж байгаа нэг ажил нь замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах төлөвлөгөө аж. Тодруулбал,

  • “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамарна.

Хотын төв буюу А бүс рүү бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, татвараа төлөөгүй, хугацаандаа үзлэгт хамрагдаагүй, өнгө үзэмжгүй тээврийн хэрэгсэл оруулахгүй бөгөөд мөн өдөр бүр тэгш сондгой дугаар үйлчлэх аж. “Бүсчлэлийн дотор амьдарч байгаа иргэд яах вэ” асуудлын хариуд “Бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ” хэмээн шийдвэрлэжээ. Мөн хотын төвийн бүх зогсоолын төлбөрийг 8-15 мянга болгох бөгөөд үнэ төлбөргүй зогсоол байхгүй болгоно. Ингэснээр түгжрэлийг бууруулж чадна гэж үзжээ. Мөн дээр нь одоо хотод байгаа 2382 авто зогсоолын тоог 15 мянга 696 болгон нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар зөвшөөрөлгүй байгаа 5330 авто зогсоол, шинээр суллагдсан 7984 авто зогсоол бүртгээд байна.

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд энэ тэмдгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар тэмдэг тэмдэглэлийн заалт зөрчсөн гэдэг заалтаар хариуцлага хүлээгэхээ дуулгасан.  

-"ГАНГАН, ҮНЭТЭЙ" МАШИНТАЙ ХУРГАН ДАРГА НАР ХОТЫН ТӨВД СЭЛГҮҮЦЭЖ, ЯДАРСАН ИРГЭД ЗАХЫН БҮСҮҮДЭД ТҮГЖИРНЭ- 

Товчхондоо бол, “Олон гоё ганган, үнэтэй машинтай хурган дарга нар нь хотын төвдөө сэлгүүцэж, харин ядарсан иргэд захын бүсүүддээ улам шавааралдан түгжрээд байж бай” гэсэн шийдвэрийг гаргасан дүр зураг харагдаж байна. Энэ шийдвэр олон ч хүний дургүйцэл, эгдүүцлийг төрүүлж буй. Та бүхний ангилан ялгасан В, С бүс буюу Баянбүрд, 100 айл, Дарь-Эх, Дамба, Нарантуул, Хархорин, Нисэх, Налайх зэрэг газрууд хамгийн их түгжрэлтэй байдгийг ажлаа тараад яарах  эгэл жирийн иргэд хамгийн сайн мэднэ.

Өнөөдөр зөвхөн нийслэл хотын төвд түгжрэл үүсээд байгаа юм биш. Зуны улиралд зуслан руугаа гарах гэсэн, өвлийн улиралд агаарт гарах гэсэн иргэдийн цуваа захын замуудад ачаалал  үүсгэдэг гэдгийг мэдэхгүйдээ ийм шийдвэр гаргав уу. Мөн “хотын төвийн түгжрэл арилгах” нэрийдлээр төвийн бүх зогсоолын төлбөрийг 8-15 мянга болгон нэмэгдүүлж ядарсан иргэдийнхээ халаас руу гар дүрэхээ ч мартаагүй аж.

Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй эгэл жирийн иргэд нь торгуулиа төлөөд, даатгалдаа хамрагдаад, татвараа төлөөд, хугацаандаа үзлэгт хамрагдаад, машиныхаа өнгө үзэмжийг сайжруулсан байлаа ч өндөр үнэтэй зогсоолд халаасаа хоослуулах нь.

Хотын хөдөлгөөний ачааллыг багасгая гэж хэчнээн зөвлөлдөв. Эцэст нь юу хийв, хичнээн хөрөнгө зарав, үр дүн нь ямар байв. Асуудалтай хот төлөвлөлт, замбараагүй газрын наймаа, авто замын зохицуулалтын буруу бодлогоос өнөөдрийн ТҮГЖРЭЛ үүдэлтэй. Үе үеийн засгийн газар, төрийн сайдуудын дээрх алдааг өнөөдөр иргэд рүү чихэж, иргэддээ үүрүүлэх гэж байгаа нь харамсалтай.

Автозамын бодлого, зохицуулалтыг тодорхойлдог, хариуцдаг бүхэл бүтэн яам, газар бий. Гэвч  дан ганц иргэдийнхээ баян хоосноор ялгасан арга ядсан арга түгжрэлийг бууруулахгүй. Түгжрэлийг багасгахад цогц бодлого хэрэгтэй, авто зам өргөтгөх шинэчилэх, бүтээн байгуулалтын ажлаас гадна төвлөрлийг сааруулах, автомашины хэрэглээнд зөв зохион байгуулалт хийх, цагийн горимонд оруулах, нийтийн тээврийг түлхүү ашиглах, жолооч нарыг сахилгыг дээшлүүлэх, унадаг дугуйг ашиглах гээд цогц бодлого хэрэгтэйг сануулах нь илүүц биз.