-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖИХ ТӨЛБӨР НЬ ЦАХИЛГААНААР
ГЭРЭЭ ХАЛААДАГ АЙЛУУДАД ДАРАМТ БОЛДОГ-
Иргэд бид өдөр тутам хэрэглэсэн цахилгааны төлбөрөө сард нэг удаа төлдөг. Ингэхдээ нэхэмжилсэн үнийн дүнгийн дагуу бөөнд нь төлөлт хийдгээс бус төлбөрийн задаргааг тэр бүр харж анхаарч уншдаггүй билээ. Хэрвээ задалж харвал зөвхөн цахилгааны төлбөрөөс гадна өөр бусад олон төлөлтийг өөрсдөө ч мэдэлгүй төлсөөр ирснийг мэдэх болно.
Тухайлбал, цахилгааны төлбөр хэд гарснаас хамаарч ес орчим хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ төлдөг.
ҮҮНЭЭС ГАДНА
- Суурь үнэ-2200 төгрөг
- Үйлчилгээний хураамж -55 төгрөг
- Хогны хураамж-2500 төгрөг
- Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр –Цахилгааны төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө
- Монголын үндэсний олон нийтийн ТВ-ийн хураамж-1100 төгрөг зэргийг төлдөг.
Суурь үнэ болон Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрийг Эрчим хүчний тухай хуулийн дагуу заавал төлөх ёстой гэж тайлбарладаг. Гэхдээ энд асуудал бий. Тухайлбал, өвлийн цагт гэрээ цахилгаанаар халаадаг гэр хорооллын олон айл, өрх бий. Тэдний шөнийн тарифыг улсаас хөнгөлсөн ч цахилгаан халаагуурыг тогтмол хэрэглэсэн зарим сард 180-300 мянган төгрөгийг төлдөг. Энэ нь айл, өрхийн санхүүд тодорхой хэмжээний дарамт үүсгэх нь бий. Гэтэл дээрх 300 мянган төгрөгийн 20 хувь нь буюу 60 гаруй мянган төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний төлбөрт шууд суутгагдсан байдаг..
Өөрөөр хэлбэл, утаа гаргаж агаар бохирдуулдаггүй, хариуцлагатай, аж, ахуйч айлууд өрхийн санхүүдээ эрсдэл тулган байж цахилгаан халаагуур хэрэглэж эцэст нь олигтой хөнгөлөлт ч үгүй өндөр төлбөр түүнийг дагасан элдэв бусын төлбөрийн дарамтад унадаг гэсэн үг.
Гэтэл эсрэгээрээ гал түлж утаа гаргадаг айлууд 20 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлөөд сэргээгдэх эрчим хүчний татвартаа 4000 төгрөг төлдөг. Тэгэхээр агаарын бохирдлоос салъя гэж буй бол цахилгаанаар халдаг болон бусад эко шийдлүүдийг ашигладаг айлууддаа энэ мэт хэт олон төлбөр тулгаж дарамт дээр нь дарамт нэмэх бус дээрх төлбөрүүдэд уян хатан ханддаг байх ёстой, үгүй гэвэл хариуцлагатай байгаад нэмэр ч алга гэж ярих хүмүүс бий. Энэ үнэн билээ.
-ШӨХТГ: НӨАТ БОЛОН БАРИМТЫН МӨНГӨ
ДАВХАРДУУЛАН АВАХ ЁСГҮЙ-
Цаашлаад цахилгааны төлбөр дээр НӨАТ давхардуулан авч баримт олгодоггүй мөртлөө баримтын мөнгө 50 төгрөгийг авдаг. Гэтэл уг төлбөрүүдийг авах ёсгүйг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгэхээр авах ёсгүй төлбөрийг олон жилийн туршид хэрэглэгчдээс авч ирсэн гэсэн үг. Цахилгааны төлбөрийн баримтыг цаасаар бус цахимаар авсан ч баримтын мөнгө гэж 50 төгрөг авах нь бий. Тиймээс Татварын ерөнхий газар, Улаанбаатар түгээх сүлжээ, бусад холбогдох байгууллагад мэдээлэл хүргүүлж ажиллаж буйгаа ШӨХТГ-аас мэдэгдээд байгаа юм.
-МҮОНТ-ИЙН МӨНГИЙГ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮУ-
Энэ тухай маргаан олон жил өрнөсөн. Гэтэл энэ нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хуулиараа зохицуулагддаг. 2015 оноос өмнө зөвхөн гэр хорооллын айл өрхүүд тус төлбөрийг төлдөг байсан бол одоо бүх айлууд кабелын төлбөрөөс гадна МҮОНТ-ийг үзсэн гэх төлбөрийг төлж байна. Гэтэл зах зээлийн нийгэмд хүн аль ТВ-ийн сувгийг үзэх эсэхээ өөрөө шийдэж сонгох ёстой. Төлбөрөө төлөөд үзэх эсэх нь хүний сонголтын асуудал. Гэтэл үзсэн, үзээгүйгээс үл шалтгаалж автоматаар төлбөр авах нь хэр зохилтой вэ. Түүнээс гадна тус телевизийг улс орон, ард түмний бус улс төрчдийн төлөө ажилладаг гэх шүүмжлэл байдаг билээ.