Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах бодлого баримталж байна. Гэхдээ хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамаарч тусгай цэцэрлэг, сургуульд элсүүлэн сургадаг. Энэ цогцолбор нь ердийн сургууль, цэцэрлэгт явахад илүү бэрхшээлтэй хэсэг буюу байнгын асаргаатай, саажилттай хүүхдүүдэд боловcролын болон сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээг үзүүлэх юм.
Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах боловч нийслэлийн баруун тал, цаашлаад баруун аймгуудын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг хамруулан сургана гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна. Цогцолбор ашиглалтад орсноор Баянгол дүүрэгт оршдог 70 дугаар сургууль, Яармаг дахь 63 дугаар сургуулийн ачаалал буурна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 8000 гаруй иргэн, тэдний 1100 гаруй нь хүүхэд ажээ. Орон нутгийн зүгээс өөрийн нөөц бололцоогоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг байгуулсан анхны дүүрэг гэдгээ энэ үеэр танилцуулж байлаа.
Дараа нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургууль, 26 дугаар хороонд баригдаж, ашиглалтад ороод буй 920 хүүхдийн суудалтай сургуулийн ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв. 25 дугаар хорооны сургууль 2020 ондоо багтаж ашиглалтад орох бол 26 дугаар хорооны сургуулийг Улсын комисс хүлээн аваад байгаа юм.
Тиймээс 26 дугаар хороонд баригдсан нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн хичээлийн жилийн бэлтгэл, зохион байгуулалтыг яаралтай хангуулж, ирэх даваа гарагт хичээл, сургалтаа эхлүүлэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болгов.