Д.Бахытбек: Т.Оюуноминд тусалснаараа би Монгол Улсын иргэн хүнийхээ үүргийг биелүүлсэн

Д.Бахытбек: Т.Оюуноминд тусалснаараа би Монгол Улсын иргэн хүнийхээ үүргийг биелүүлсэн

Цар тахлын хөл хорионы улмаас эх орондоо ирж чадалгүй хилийн цаана, харийн нутагт гацсан олон мянган Монголчуудын нэг бол Т.Оюуномин. Тэрээр арванхоёрдугаар сард алс холын Африкийг ажлын шугамаар зорьсон ч, коронавирусийн улмаас хил хаагдаж, тэндээ гацсаар долоон сарыг өнгөрөөсөн юм. Хэл нэвтрэлцэх ганц ч монгол иргэнгүй, хүний газар бүхэл бүтэн долоон сар яахаа мэдэхгүй “гацах” ямар байхыг та төсөөлж байгаа байх. Харин нэгэн сайхан сэтгэлт монгол иргэн Т.Оюуномингийн байдлыг дуулаад, гэртээ байрлуулж,  Турк рүү нисэх Германы онгоцонд суулгахаар өөрийн биеэр хөөцөлдөн, Туркын Элчин сайдын яам болон Улсын онцгой комисс руу холбогдож, бичиг баримтыг нь бүрдүүлэхээр эцсээ хүртэл зүтгэсээр түүнийг Монгол руу нисэх тусгай үүргийн онгоцонд нь хүртэл багтааж өгчээ.

Түүнийг Д.Бахытбек гэдэг. Тэрээр Баян-Өлгий аймагт төрж, өссөн бөгөөд 2016 оноос Нигери улсын Абужа хотод гэр бүлийн хамтаар ажиллаж, амьдарч эхэлжээ. Бид түүнтэй холбогдож болсон явдлын талаар ярилцсан юм.

-Т.ОЮУНОМИНТОЙ АНХ УУЛЗАХАД МАНАЙ ГЭР БҮЛ МАШ ИХ БАЯРЛАСАН-

-Сайн байна уу. Юуны өмнө танд хүний газар элэг нэгтэндээ сайхан сэтгэлээр тусалсанд талархсанаа илэрхийлье. Та бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн.Сайн байна уу. Намайг Даулетханы Бахытбек гэдэг. Би Баян-Өлгий аймагт төрж, өссөн. 2011 онд анх Нигери улсын Лагос хотод ажлын шугамаар гэр бүлээрээ ирж байсан юм. Дараа нь 2016 онд Нигерийн нийслэл хот болох Абужад шилжин ирж, түүнээс хойш энд амьдарч, ажиллаж байна. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань эмч мэргэжилтэй. Харин би Олон улсын “NILE” хэмээх нэгэн хувийн их сургуульд Мэдээлэл Технологийн хэлтсийн даргаар ажилладаг.

-Т.Оюуномингийн талаар хаанаас мэдсэн бэ?

-Т.Оюуномингийн талаар анх найзаасаа сонсож байсан. Найз маань фейсбүкээр  нэг холбоос явуулаад “Нигерид нэг монгол охин гацсан байна” гэж хэлсэн. Ороод үзтэл түүнийг Нигерийн Owerri Imo гэдэг хотод байгааг олж мэдсэн юм. Дараа нь Т.Оюуномингийн цахим хуудас руу нь хандаж, ямар нөхцөл байдалд байгааг нь мэдээд, наймдугаар сарын 1-ний өдөр өөрийн амьдардаг Абужа хотод ирүүлсэн.

-Т.Оюуномин хэдхэн хоногийн өмнө Истанбулд очсон шүү дээ. Визийг нь хөөцөлдөж байхад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарсан уу?

-Нэг их асуудал гараагүй ээ. Харин наймдугаар сарын 4-нд Лагос-Истанбулийн онгоцоор нисэх тасалбар авсан боловч онгоц хойшлогдож, хэзээ нисэх нь тодорхойгүй болсон. Дараа нь наймдугаар сарын 7-нд Абужагаас нисэх онгоц гарсны дагуу Лагосийн билетийг Абужа болгох гэж хөөцөлдсөн. Харамсалтай нь онгоц дахин хойшлогдож, хамгийн сүүлд 17-ны өдөр ирсэн. Онгоц хэд хэдэн удаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч би тэвчээртэй, хүлээцтэй байхыг зөвлөж байсан. Онгоцны хуваарь гарах болгонд сэтгэл нь хөдөлж,их яарч байсан шүү.

-ТҮҮНД ТУСАЛСНААРАА БИ  ИРГЭН ХҮНИЙХЭЭ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭСЭН-

-Таны амьдардаг газар Монголчууд хэр их байдаг вэ. Т.Оюуноминтой уулзахад ямар сэтгэгдэл төрж байв? Адилхан монгол хүн шүү дээ.

-Намайг анх Лагост ирэхэд Баян-Өлгий аймгийн нэг гэр бүл амьдардаг байсан юм. Удалгүй гадаадын өөр нэгэн орон руугаа буцчихсан. Түүнээс хойш Монгол хүн гэвэл Т.Оюуноминтой л уулзсан. Оюуноминтой анх уулзахад манай гэр бүл маш их баярласан. Түүнийг их тэвчээртэй, хүлээцтэй байгааг нь хараад бахархаж байсан шүү. Эрүүл мэнддээ ч их сайн анхаарч байсан. Яагаад гэвэл Нигерит “малериа” гэх өвчин их гардаг. Энэ өвчин бол бие сулрах, сэтгэл санаагаар унах, стрессд ороход хурдан идэвхждэг юм.

-Нигерит одоо байдал хэр байна. Цар тахлаас сэргийлэх зөвлөмж, арга туршлагаас нь хуваалцаач.

-Нигери улсыг бүхлээр нь авч үзвэл өвчлөлийн тархалтын хувьд тийм ноцтой нөхцөл байдал үүсээгүй байгаа. Ард, иргэд болон Засгийн газар нь  тайван байгаа. Анх халдвар тархаж, хөл хорио тогтооход мэдээж үйлчилгээний байгууллага, боловсролын салбарууд нь бүгд хаагдсан. Харин байдал тогтворжсоны дараа буцаагаад үе шаттайгаар нээж эхэлсэн. Гэхдээ боловсролын салбарыг хэзээ нээх нь тодорхойгүй байна. Ер нь Нигери улс ийм төрлийн өвчлөлүүдэд арай туршлагатай юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл жилд олон мянган хүн дээр дурдсан малериа өвчнөөр өвчилж, эмчилгээнд хамрагддаг. Тиймээс хүмүүсийн биеийн эсэргүүцэл бусдаас харьцангуй илүү юм болов уу гэж харж байна.

-2016 оноос хойш дөрвөн жил өнгөрчээ. Эх нутгаа санаж байна уу.

-Мэдээж саналгүй яахав. Дэлхийн өнцөг буланд байгаа бүх Монголчууд энэ цар тахлын үед эх нутагтаа очиж чадахгүй байгаад сэтгэл их өвддөг. Гэхдээ сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Монгол хүний хүнлэг мөн чанар бол бусдад туслах шүү дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учраас хүн хүндээ тусалж, бие биедээ дэм өгөх нь их чухал юм шүү. Зовох цагт хүний чанар танигдана гэгчээр хүний нутагт, Монгол хүн хэцүү байдалд байхад яаж гар хамхин зүгээр суух билээ. Надаас өөр хүн байсан бол бас л түүнд туслах байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ бол монгол хүний сайхан сэтгэл. Ялангуяа эх нутгаасаа хол байгаа хүмүүс бие биедээ улам ойр байж,  бие биедээ туслахыг хүсдэг юм болов уу. Манай гэр бүлийнхэн чадах чинээгээрээ тус болохыг л хичээсэн. Түүнд тусалснаараа би Монгол улсын иргэн хүнийхээ үүргийг биелүүлсэн гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.

-Баярлалаа.