Ц.Нямсүрэн: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулбал зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

Ц.Нямсүрэн: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулбал зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хяналт, шалгалтын талаар Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Ц.Нямсүрэнгээс тодрууллаа

-Сургууль, цэцэрлэгт халдвар, хамгаалалтын ямар журам мөрдөх вэ?

-Сургуулийн эмч, арга зүйч өглөө бүр хүүхэд ирэхэд халууныг нь үзэх ёстой. Халуунтай, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл хичээлд оруулахгүй. Өмнө нь эцэг, эхчүүд хүүхдээ хаалгаар оруулаад орхидог байсан бол энэ улирлаас заавал тандалтад нь хамруулж байх зохицуулалт хийсэн. 

-Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ заавал багшид хариуцуулж  байж явах нь ээ?

-Энэ хичээлийн жилээс хүүхдээ халдвараас хамгаалахад дан ганц сургууль, цэцэрлэг биш эцэг, эхчүүдийн оролцоо ч өндөр байж, гарыг нь тогтмол угаалгаж, амин дэмтэй, чанартай  хоол, хүнс идүүлэх хэрэгтэй болж байна. 

-Халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сургуулиуд яаж сахих ёстой вэ?

-Сургууль, цэцэрлэгүүд хичээлийн байр, гадна талбайг заавал мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх ёстой. Нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд суухаар, ширээ сандлыг 1-1.5 метрийн зайтай байршуулж, өдөрт дөрвөөс илүүгүй цаг хичээллүүлэх байдлаар зохион байгуулна. 

-Тэгвэл өдөрт хичээллэх ээлж нэмэгдэх үү?

- Сургуулийн хувьд анги хуваарилалт, багшийн ачаалал, бусад багш нарын хүчийг ашиглах гээд олон зохицуулалт хийсэн.Үүнд ямар нэг байдлаар хүүхдэд ашиггүй зохицуулалт байхгүй. Бид сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчилсэн байдлаар баталж, агуулгын багтаамжийг багасгасан.

-Цэцэрлэгт хоёр хүртэлх насны хүүхдийг авахгүй гэсэн. Хэрвээ хамруулсан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Халдварын эрсдлээс сэргийлж хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг,чиглэл өгсөн. Тиймээс манайхаас үүргийнхээ дагуу хоёр хүртэлх насны хүүхдийг улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүд  хамруулсан эсэхэд хяналт давхар тавина.Хэрвээ холбогдох журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.

-Багш, сурагчид амны хаалтыг бүх үед зүүх ёстой юу?

-Насны онцлогоос хамааран цэцэрлэгийн хүүхдүүд амны хаалтыг удаан хугацаагаар зүүх боломжгүй. Тиймээс цэцэрлэгүүд халдвар хамгаалалтын бусад дэглэмийг маш сайн чандлан сахих ёстой. Их сургууль, ахлах сургууль, багш, оюутнууд, сургуулийн сурагчид хичээлийн цаг, сургуулийн орчинд амны хаалтыг зайлшгүй зүүх ёстой.

-Шалгалтаа хэзээнээс хийж эхлэх юм бэ?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалалтын дэглэм сахиулах үйл ажиллагааны бэлтгэл хангасан эсэхэд хийх шалгалтыг мэргэжлийн хяналтын 130 гаруй улсын байцаагч, наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн хоёр үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн.

-Хэдэн үе шат, чиглэлээр хийх вэ?

-Хоёр үе шаттайгаар хийхээр төлөвлөж дараах гурван чиглэлээр хийнэ. Үүнд, боловсролын хяналт, эрүүл ахуй, халдвар, хамгаалалтын хяналт, хүнсний аюулгүй байдлын хяналт гэсэн гурван чиглэл багтана. Боловсролын хяналтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн сургалтын хөтөлбөрийн агуулга, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгийн хүрэлцээ, хангамж, теле хичээлийн бэлтгэл, багшийн цагийн ачааллыг шалгана. Харин эрүүл ахуйн хяналтаар халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэл үүсэх үед авч хэрэгжүүлэх бэлэн байдал хангасан эсэхийг, хүнсний аюулгүй байдлын шалгалтаар хоол, хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдалд шалгалт хийнэ. 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН