Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороололд өдрийн цагаар хог хаях боломжгүй, хориглосон захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга гаргажээ.
Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугарын мэдээлснээр, “Иргэд, аж ахуйн нэгж оройн 18:00-21:00 цагийн хооронд төвлөрсөн хогийн цэг дээр хогоо гаргаж хаях боломжтой. Бусад цагуудад хог огт гаргаж хаяж болохгүй. Хог хаясан тохиолдолд хог хаягдлын тухай хууль зөрчсөн хэмээн үзэж торгуулийн арга хэмжээ авна. Ийм зохион байгуулалтад орж байгаа шалтгаан бол Чингэлтэй дүүргийн хувьд хог ачилтыг 24 цагийн хугацаанд өглөө, өдөр, шөнө гурван удаа хийдэг. Гэсэн хэдий ч хог хогийн цэгүүд дээр байсаар байгаа юм. Яагаад гэвэл, иргэд 24 цагийн хугацаанд хүссэн үедээ хогоо гаргаж хаяж байгаа. Өглөө 8:00 цагт хог ачлаа гэж бодоход 8:30-9:00 цагт иргэн хогоо хогийн цэг дээр гаргаад орхичихдог. Үүнийг хууль журмаар хориглоогүй учраас иргэний буруу биш. Тэгээд тэр хог дараагийн ачилт хүртэл үдээс хойш хүртэл хогийн цэг дээр байж байдаг. Тийм болохоор бид бодит нөхцөл байдал дээр хогноосоо салж чадахгүй байсаар байна. Тиймээс 18:00-21:00 цагийн хооронд хогоо гаргаж хаяхыг нэгдсэн журмаар журамлаж байгаа юм. Улмаар бид дараа өдрийн 18:00 цаг хүртэл хоггүй орчинд амьдрах боломжтой болно. Хүүхдүүдийн тоглож байгаа орчныг цэвэр байлгах зохицуулалт гэж ойлгож болно” гэлээ.
ВИДЕО: