Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ буюу 2019 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж, бизнес форумд оролцож байжээ. Тухайн үед Д.Сумьяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэ гэрээний хүрээнд 30 сая долларын үнэтэй патентаа Казахстаны талаас үнэгүй өгөхөөр болсон бөгөөд Казахстаны "Symbat Engineering" компани Монголд алт, мөнгө дахин боловсруулах үйлдвэрийг "Эрдэнэс алт ресурс" компанитай хамтран байгуулахаар болжээ.
Тухайн үед Казахстаны инноваци технологийг Монголд нутагшуулах чиглэлд хиигдэж буй анхны томоохон алхам болсон талаар хэвлэлүүдэд онцлон бичиж байсан юм.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сард үүсгэн байгуулсан компани юм. Ийнхүү 2019 оны аравдугаар сард бизнес форумын хүрээнд талууд алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэрийн түлхүүр гардуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
-"МОНГОЛЫН ТАЛ САНХҮҮЖИЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАЖ, ДИПЛОМАТ БИЧИГТ ХАРИУ ӨГӨӨГҮЙ ТУЛ ГЭРЭЭГ ЗОГСООЖЭЭ"-
Гэвч одоог хүртэл уг үйлдвэрийг барих ажил эхлээгүй. Энэ талаар Казахстаны Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамнаас, “Дотоодын компани шаардлагатай бүх бэлтгэл ажлыг хийж дуусгасан. Казахстаны тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эхлэхэд бүрэн бэлэн байгаа ч Монголын тал төслийн санхүүжилтийг өгөөгүй. Энэ үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх тухай захидал нэг бус удаа Казахстанаас дипломат шугамаар явуулсан ч Монголын талаас албан ёсны хариу огт ирүүлээгүй. Улмаар Засгийн газар хоорондын комиссын IX хуралдааны протоколд энэ асуудлыг Монголын талын хүсэлтээр хассан” гэж мэдээлжээ.
Энэхүү үйлдвэрээр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэхээр төлөвлөж байсан бөгөөд нэг, гурав, тав, 10, 32, 250, 500, 100 гр хэмжээтэй ембүү үйлдвэрлэхээр төлөвлөж байсан байна.
Нэмж дурдахад, тус компани үнэт эдлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор ГОСТ-ийн дагуу 24, 18, 15, 10 каратын үнэт эдлэлийн хайлш, үнэт металл агуулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байжээ. Мөн тус үйлдвэрт үнэт металлаас мөхлөг, нунтаг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байж. Барилгын ажлыг 2019 оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд үйлдвэрийг 2020 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах байв. Гэвч Монголын талаас удаа дараа дипломат баримт бичигт хариу өгөөгүй бөгөөд санхүүжилт өгөхөөс татгалзсан гэх хүсэлтээр уг үйлдвэрийн ажил эхлээгүй байна. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Хотын дарга асан Д.Сумъяабазар ажиллаж байсан бөгөөд уг үйлдвэрийг барих гэрээнд биечлэн гарын үсэг зурсан гэдгийг энд нэхэн сануулъя.