Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан юм.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нөгөөдөр 07.00 цагаас 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгахыг зарлиг болгосон. Үүнтэй холбогдуулан Засгийн газар Гашуудлын үеийн дэгийн тухай тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөхдөө, "Гашуудал зарласантай холбогдуулан ямар дэг баримтлах вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэхээр Ерөнхий сайдын захирамжаар оршуулгын комисс томилж, миний бие ахалж байгаа. Төрийн тэргүүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээг зохион байгуулна. Мөн тухайн өдөр олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна" гэв.