Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Мичико бүсгүйн түүх

Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Мичико бүсгүйн түүх

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд АНУ-ын Зэвсэгт хүчин Японы хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн аймшигт өдрөөс хойш эдүгээ 75 жил өнгөрчээ. Тодруулбал, 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, 9-нд Нагасаки хот атомын бөмбөгөнд өртсөн юм. Энэ үеэр Хирошимагийн 350 мянган иргэнээс 140 мянга нь дэлбэрэлтэд өртөж, Нагасакид 74 мянган хүн нас барсан гашуун түүхтэй. Улмаар уг бөмбөгдөлтийн улмаас Япон холбоотнуудад бууж өгч, 1945 оны наймдугаар сарын 14-нд Ази тивд дайн дууссан билээ. Энэхүү аймшигт үйл явдлын гэрч болон дэлбэрэлтээс амьд үлдэж чадсан Мичико бүсгүйн түүхийг орчуулан хүргэж байна.

-МИЧИКО ОХИН АХИАД ХЭДХЭН МИНУТ Л УНТСАН БОЛ АЙМШИГТ БӨМБӨГДӨЛТӨНД ӨРТӨЖ, ХОРВООГ ОРХИХ БАЙЖЭЭ-

1945 оны 8-р сарын 6-ны өглөө. Мичико охин нойрондоо дийлдэн сэрдэг цагаасаа ялимгүй хожуу сэржээ. Тэрээр буудал руу арай хурдан гүйвэл галт тэргэндээ амжина гэж бодож байв. Ингээд удалгүй босч, Ёкогава станц руу гүйж очоод ердийн галт тэргэндээ сууж чадав. Энэ үед 14 настай Мичико Ёшицука Хирошимагийн охидын сургуулийн сурагч байсан ч Японы эзэн хааны зарлигаар хотын төвөөс зүүн зүгт 8 км зайтай орших “Тойо Когёо” үйлдвэрт ажиллаж эхэлсэн байжээ. Уг үйлдвэр нь дайны үед Японы армид зэвсэг хийн нийлүүлдэг байв. Мичико охины энэхүү ажил, цаашлаад ажилдаа явах галт тэрэг нь түүний амийг аварсан гэж хэлж болно. Учир нь Хирошима хот бөмбөгдөлтөнд өртөж байх үед тэрээр ажлынхаа өрөөнд аюулгүй сууж байсан юм.

Тэрээр хожим "Хэрэв би тэр өдөр ердийнхөөрөө галт тэргэнд суугаагүй  бол, бас их ядарснаасаа болоод сэрэлгүй унтчихсан бол Ёкогава станц ба Хирошима станцын хооронд хаа нэг газар үхэх байсан" хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээжээ.

Харин тухайн үед Мариана арлын Тиниан дахь АНУ-ын баазаас бөмбөгдөгч онгоцны баг Хирошима руу нисч байжээ. Ингээд өглөөний 08:15 цагт бөмбөгийг Хирошима хотын дээр хаяж, тус хотыг үгүй хийсэн даруйд  140,000 хүн нас барсан юм. Мичикогийн ажилладаг үйлдвэр ба хотын төвийн хооронд оршдог Хижияма гэх өндөр уулын ачаар охин амьд үлдэх боломж гарчээ. Учир нь тухайн уул дэлбэрэлтийн хүчнээс бүрэн хамгаалж чадсан юм. Удалгүй уулын орой дээгүүр маш их утаа орж ирж байгааг Мичико охин анзаарч харжээ. Хүмүүс ч гүйлдэн, эмх замбараагүй байдал үүсэхэд тэрээр хотод үлдсэн гэр бүлийнхнээ олохоор уулын замаар гүйж гарчээ. Охиныг хот руу явж байх замд хаа сайгүй шархадсан хүмүүс байсан ба дэлбэрээлтээс үүдэн хүмүүс шатаж, эрхтнүүд нь амаараа гараад ирчихсэн, үнэхээр аймшигтай дүр зураг угтсан байна.

-ХОТ РУУ ЯВАХ ЗАМД НЬ МАШ ОЛОН ХҮН АМЬДААРАА ШАТАЖ, ДОТОР ЭРХТНҮҮДЭЭ АМААРАА ГАРГАЧИХСАН ХЭВТЭЖ БАЙЖЭЭ-

Тэр бүхнийг алмайран харж явтал хэн нэгэн гэнэт хөлнийх нь шагайнаас татаад" Залуу бүсгүй, надад ус өгч чадах уу" гэж гуйжээ. Харин Мичико гараас нь атгаад  "Намайг уучлаарай, уучлаарай!" гэсээр зугтаж байв. Хотод очоод Мичико ээжийгээ амьд байгааг олж хараад тайвширчээ. Тэрээр хожим ярихдаа "10 хоногийн турш, ээж бид хоёр Хирошима хотыг тойрон дүүгээ хайсан. Бид сүүлд түүнийг хотын төвийн ойролцоо нас барсан болохыг олж мэдсэн. Гэхдээ миний дүүгийн цогцос олдоогүй" гэжээ. Мичико амьд үлдэж чадсан ч удалгүй өвчтэй болсон байв. Тэрээр  цацрагт бодисонд хордсоны улмаас түүний биед аймшигтай шинж тэмдэгүүд илэрч эхлэв. Хамарнаас нь цус зогсолтгүй гоожиж, хүчтэй суулган, үс нь унаж, биеийн бүх хэсэгт ягаан толбо гарч эхэлсэн байна. Энэ тухайгаа "Намайг найзын минь амбаарт тусгаарлаж, би амьдрал ба үхлийн хооронд шилжсэн. Эргэн тойрон дахь хүмүүс бүгд намайг үхнэ гэж бодож байсан ч гайхамшигтай байдлаар би амьд үлдсэн юм” гэж ярьжээ.

Хирошима ба Нагасаки хотыг бөмбөгдсөнөөс хэд хоногийн дараа дайн дуусаж галт тэрэг, трамвай, автобус дахин ажиллаж эхлэв. Хоёр сарын хугацаанд сургуулиуд ч хагас нурсан барилга, задгай анги танхимд хичээлээ үргэлжлүүлж эхэлжээ. Ийнхүү Хирошима үнсэн дээрээсээ дахин босч буйн адил Мичико ч мөн амьдралаа сэргээж байв.

-МИЧИКО ОХИНЫ ХАМРААС ЦУС ЗОГСОЛТГҮЙ ГООЖИЖ, ҮС НЬ УНАН, БИЕ ДЭЭГҮҮР НЬ ЯГААН ТОЛБО ТОДОРЧ ЭХЭЛСЭН БАЙНА-

1948 онд 18 нас хүрч хүнтэй гэрлэн, 1949 оны дөрөвдүгээр сард бяцхан охин төрүүлсэн ч харамсалтай нь хоёр долоо хоногийн дараа нас баржээ. Учир нь Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн япон эмэгтэйчүүд бие махбодийн хэзээ ч эдгэрэшгүй хохирол амсаж үлдсэн билээ.  Тэрбээр хоёр эрүүл хүүхэд төрүүлсэн боловч хүн болж чадаагүй ажээ.  

"1964 онд ээж маань хорт хавдраар нас барав. Би гэр бүлээсээ ганцаараа үлджээ. Ээж минь тэр үед  тэтгэмж авдаг байсан ч түүнийг нас барсны дараа Японы засгийн газар цуцалсан юм” хэмээн дурсамждаа бичжээ. Нөхөр нь түүнээс удалгүй салсан тул нөхөр болон төрийн ямар ч дэмжлэггүйгээр амьдрахаар  тэмцжээ. Тэрээр удалгүй Японы уламжлалт ресторанд зөөгчөөр ажилд орж орой бүр кимоно өмсөн, шөнийн цагаар үйлчлүүлэгчдэд үйлчилдэг болов. Жил бүр наймдугаар сарын 6-нд Хирошима хотноо Энхтайван дурсгалын ёслолыг зохион байгуулдаг боловч Мичико ёслолд хэзээ ч оролцож байсангүй.

Үүнээс хойш аймшигт үхэл хагацалыг үзэж, хайртай хүмүүсээ алдан, өөрөө өвчнөөр шаналж байсан ч амьдрахын тулд тэмцэн, тухайн үеийн нийгмийн хүчтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл болон амьдарсан Мичико ахмадуудын асрамжын газарт 2012 оны нэгдүгээр сард амьсгал хураажээ.

Түүний туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай бичсэн дурсамжыг одоо Хирошима дахь Энхтайваны дурсгалын танхимд байрлуулжээ. Энэ бол өөрийн амьдралынхаа түүхийг бичиж, амьдралтайгаа тэмцсэн нэг эмэгтэйн түүх. Түүний энэхүү түүх олон хүнд дахин амьдрах итгэлийг өгч, бэрхшээлийг даван туулах чадварыг харуулсаар байна. Жил бүрийн наймдугаар сарын 6-ны өдрийг Япончууд атомын бөмбөг хаясан аймшигт өдөр хэмээн дурсан санахаасаа илүү “амьдрал илүү үнэ цэнэтэй зүйл" хэмээн зүрх сэтгэлдээ мэдэрдэг.