Иргэд цахим орчинд байршуулсан “Мал хямд зарна”, “Өвс тэжээл худалдана”, “Акумлятор хямд зарна” гэх зарын дагуу холбогдож, бусдад залилуулсан гэх дуудлага мэдээлэл орон нутгийн цагдаагийн газарт цөөнгүй бүртгэгдэж байна.
Тухайлбал Хөвсгөл аймгийн иргэн энэ сарын 02-ны өдөр фэйсбүүкт байршуулсан “Одоо авах хүнд ямаа хямд зарна” гэсэн зарын дагуу үл таних хүний данс руу 7 сая орчим төгрөг шилжүүлж залилуулсан талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар 3120 иргэн цахимаар эд зүйл худалдан авах зорилгоор бусдад эд хөрөнгө залилуулсан гэх тоон мэдээлэл бүртгэгдсэн. Цахим орчинд залилагч этгээдүүд танд хямд үнэ, хамгийн таатай нөхцөлийг санал болгож байдаг тул иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зар мэдээллийн эх сурвалжийг баталгаажуулж, нягталж, шалгасны үндсэн дээр бусдад мөнгө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.