KAFKADESK: Цөхрөнгөө барсан мянга мянган Монголчууд Европ даяар гацсан хэвээр байна

KAFKADESK: Цөхрөнгөө барсан мянга мянган Монголчууд Европ даяар гацсан хэвээр байна

Гадаадад гацсан иргэдийн тухай манай улсын хэвлэлүүд олон сар дуугарсан ч тэдний асуудал дорвитой шийдэгдсэн зүйлгүй байсаар хагас жилийн нүүрийг үзлээ. Тэд эхлээд өөрийн улсын төр засгаасаа бодитой шийдвэр, тусламж хүсэж олон сар тэмцсэн ч тэдний тэмцэл үр дүн өгөхгүй байсаар гадаадад гацсан монголчууд эхнээсээ гадны байгуулагуудаас тусламж хүсэн хандаж, эх орондоо буцах арга зам хайж эхэлсэн билээ. Тэгвэл гадныхан ч энэ байдлыг олж харч, өөрсдийн байр сууринаас хэдийн дүгнэж эхэлжээ. Тухайлбал, Төв Европын улс төрийн мэдээ мэдээллээр дагнан бичдэг Чехийн  сайт “Kafkadesk” Европд гацаад буй монголчуудын талаар нийтлэл гаргажээ.

-ЕВРОПТ ГАЦСАН МОНГОЛЧУУДЫН ВИЗ ДУУСЧ, МӨНГӨГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛГҮЙ, ТӨР ЗАСГИЙН ДЭМЖЛЭГГҮЙГЭЭР ОЛОН САРЫН ХУГАЦААГ ӨНГӨРӨӨЖЭЭ-

Монголын засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард өөрийн иргэдэдээ хилээ хааснаас хойш Европын орнууд, түүний дотор Унгар, Чех, Польш зэрэг улсуудад 2500 гаруй монгол иргэн хүнд нөхцөл байдал гацаад байна. Ингэснээр, ОХУ болон БНХАУ-ын хооронд байрлах далайд гарцгүй Монгол Улс нь өсөн нэмэгдэж буй Ковид-19 тахлын нөхцөлд хилээ хаасан анхны улс орнуудын нэг болсон юм.

Европт гацсан Монголчууд нэгдсэн цахим хуудастай ба түүн дээрээ санал бодлоо солилцон, бие биендээ тусалцгаадаг байна. Унгар улсад таван сар гаруй ажиллаж байгаад гацсан, “Европт гацсан Монголчууд” группийн үүсгэн байгуулагч Оюунаа “Европ дахь монголчууд үнэхээр цөхөрч байна. Бидэнд виз, мөнгө, ажил, эмнэлгийн даатгал гээд төр засгийн ямар ч дэмжлэг байхгүй.  Миний мэдэж байгаагаар Унгар улсад 241, Чех улсад 260, Латви, Польшид 160, Германд 264, Францад 60, Их Британид 370, Шведэд 130, Австри, Ирланд улсад 80 хүн амьдардаг. Тэдний ихэнх нь жуулчид буюу найз нөхөд, хамаатан садныдаа зочилхоор ирсэн хүмүүс бөгөөд зарим нь ажил хийхээр ирсэн хүмүүс” гэж тэр хэллээ.

Мөн Чех улсын Прага хотод гацсан монгол иргэн Даш “Би Чех улсад бизнес хийхээр 3-р сарын эхээр ирсэн.Би хоёр хүүгээ гэртээ үлдээгээд, тэднийхээ сайн сайхан байдлын төлөө ажил хийхээр ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, Прага дахь Монгол улсын элчин сайдын яам гээд Монгол улсын бүх эрх бүхий байгууллагад  Монгол руу буцах хүсэлтээ олон удаа явуулсан боловч одоог хүртэл нутаг буцаж чадаагүй байна гэсэн юм.

-МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ОЛОН УДАА БУЦАХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧ, ГАДНЫ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУДТАЙ ХОЛБОГДОЖ, НУТАГ БУЦАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН Ч ТУС УЛСЫН ЗАСГЫН ГАЗРААС ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ГЭВ-

Тэд Элчин сайдын яам, засгийн газрын байгууллага, улсын комисстоо үргэлж нутаг буцах хүсэлтээ илгээж, “Европ руу онгоц нисгэн биднийг аваач” гэж хэлдэг боловч засгийн газрын хязгаарлагдмал хүчин чадлаас улмаалан сард хоёр удаа л Европруу нислэг  үйлддэг аж.

Оюунаагийн хэлснээр “Wizz Air”, “LOT” зэрэг авиа компаниуд үлдсэн монголчуудыг өөрсдийн онгоцоор эх оронд нь буцаахаар тохиролцсон боловч Монголын төрөөс зөвшөөрөл өгөхгүй байгаа аж. Тэрбээр "Яагаад эдгээр саналыг хүлээн авахгүй байгааг бид ойлгохгүй байна. Учир нь Монголын агаарын тээвэл эдгээр бүх иргэдээ авах хүчин чадалгүй" гэв.

Европ даяар олон сар гацаж, цөхрөнгөө барсан монголчууд өнгөрсөн хугацаанд Европ руу илүү их нислэг хийхийг уриалсан эсэргүүцлийн кампанит ажил зохион байгуулж, тус улсын засгийн газраас гадаадын авиа компаниудын нислэгийг зөвшөөрөхийг олон удаа хүсчээ.

Бид “Stipendium Hungaricum Scholarship” хөтөлбөрийн санхүүжилтээр Унгар улсад ирсэн, одоо амьдрах газаргүй болсон олон монгол оюутнуудын төлөөлөллөөс зарим зүйлсийг тодруулсан юм.

Тэрээр ярихдаа “Манай тэтгэлгийн гэрээ, эмнэлгийн даатгал зургадугаар сард бүрэн дуусгавар болсон. Яг үнэндээ бид санхүүгийн дэмжлэггүй, эмнэлгийн даатгалгүй эрсдэлтэй нөхцөлд байна. Энд ажил олох боломж байхгүй. Бид дипломоо аваад эх орондоо буцахыг үнэхээр их хүсч байна. Биднийг эх оронд нь буцаах нь засгийн газрын үүрэг шүү дээ" гэсэн юм. Өнөөг хүртэл тэднээс ердөө дөрөв нь л эх орондоо буцах онгоцны суудал олжээ.

-ТЭД НИЙТДЭЭ 1500 ЕВРОГООР НУТАГ БУЦАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ-

Тэд эх орондоо очоод зочид буудал, зусланд 21 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд амьдрах бөгөөд, ахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах үүрэгтэй аж. Нислэгийн тийз, тусгаарлалтын зардал зэрэг нь ойролцоогоор 5 сая гаруй монгол төгрөг бөгөөд энэ нь 1500 евротой тэнцэх юм. Энэ нь Европын орнуудад таван сарын турш ямар ч орлогогүй гацсан иргэдийн хувьд асар үнэтэй төлбөр юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн сард “дэлхийд амжилттай вакцин гарч, үр дүнгээ өгөх хүртэл коронавирусийн эсрэг хатуу чанга дэглэмийг мөрдөх болно” гэж мэдэгдсэн нь тус улс ирэх хэдэн сарын турш түгжигдэж, хатуу чанга дэглэмээ үргэлжлүүлэх төлөвтэй байна.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө