М.Мөнх-Эрдэнэ: “Blue Mon” төвд 4 жил төгөлдөр хуур тоглохдоо хүмүүс сэтгэлээ онгойтол уйлж, баярлаж байгаагаас урам зориг авдаг болсон

М.Мөнх-Эрдэнэ: “Blue Mon” төвд 4 жил төгөлдөр хуур тоглохдоо хүмүүс сэтгэлээ онгойтол уйлж, баярлаж байгаагаас урам зориг авдаг болсон

“Blue Mon” төвөөр зочилсон хүн бүр төгөлдөр хуурын эгшиглэх чимээг сонсож байсан биз ээ. Тус орчныг халуун дулаан, хөнгөн гунигтай, аз жаргалтай болгодог төгөлдөр хуурч М.Мөнх-Эрдэнийг энэ удаагийн “SocialID” буландаа урьж, ярилцлаа. Түүний хувьд 24 жил урлагт ажилласан туршлагатай хүн бөгөөд өдгөө чөлөөт уран бүтээлч хийж буй аж.

ВИДЕО:

"НАДАД МАШ ИХ УРАМ ЗОРИГ ӨГДӨГ БОЛОХООР ЭНЭ АЖИЛДАА МАШ ИХ ХАЙРТАЙ"

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Мөнхцэцэг овогтой Мөнх-Эрдэнэ гэдэг. Би урлагийн байгууллагад ажиллаад бараг 24 жил болсон байна. Улсын Филармонид 1994 оноос 2022 он хүртэл ажилласан. Харин өдгөө чөлөөт уран бүтээлч болсон. Одоо “Blue Mon” төвд үзэгчдэд зориулан тоглодог. Кофе, цай ууж байгаа хүмүүст сэтгэлийн эгшиг болон хөгжим тоглож өгдөг. Өөрөөр хэлбэл, “Blue Mon”-д үндсэн ажилтнаар ажиллаж байгаа хөгжимчин хүн.

-“Blue Mon” төвд хэзээнээс ажиллаж байгаа вэ?

-2022 оноос энд ажиллаж эхэлсэн гэхээр бараг л дөрвөн жил ажилласан байна. Өнгөрсөн дөрвөн жилд энэ газраар үйлчлүүлж буй, хооллож байгаа, кофе ууж байгаа бүх хүмүүст ая эгшиглүүлж өгөхөд маш их сэтгэлийн таашаал авч байгааг харах сайхан байдаг. Заримдаа баярлаж, гомдсон янз бүрийн асуудалтай хүмүүс орж ирээд “Танд маш их баярлалаа” гэж хэлэх үнэхээр сайхан. Энэ надад маш их урам зориг өгдөг. Тухайлбал, өнгөрсөн жил профессорын ажлаа хийж байхдаа таны хөгжмийг сонсдог байсан.

Таны хөгжмийг сонсож, гайхалтай аялгуунуудыг мэдэрч профессорын ажлаа хийх урамтай байсан. Гэртээ профессорын ажлаа хийснээс энд ирээд ажлаа хийхэд гоё байдаг. Одоо төгсчихлөө гээд надад цэцэг өгч байсан.

Хүмүүст ийм гоё сэтгэлийн таашаал өгч байгаа болохоор миний ажил надад маш их урам зориг өгдөг. Би энэ ажилдаа маш их хайртай байдаг.

"Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙН ДУУНУУД ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛД ИХ ХҮРДЭГ"

-Танд хүмүүс ямар ая тоглох санал тавьдаг вэ?

-Үзэгчид надад санал тавих үе олон бий. Тухайлбал, Монголын хөгжмийн зохиолчдын тэр дундаа алтан үеийн дууг эгшиглүүлэхийг хүсдэг. Хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн дуунууд хүмүүсийн сэтгэлд нь гүн хүрдэг. Бид энд таблет гаргачихсан. Энд байгаа дуунуудаас сонгоод 'Энэ дууг сонсъё' гэвэл би тоглож өгдөг. Хамгийн их санал авдаг ая бол “Тань руу нүүж явна” гээд киноны дуу байдаг. Мөн ээжийн тухай дуунууд, аавын тухай дуунууд байдаг. Сүүлийн үед хүмүүс ихэнхдээ ардын дуунуудаа захиалдаг болсон. Миний бодлоор энэ бол цаг хугацааны эргэлт.

Төгөлдөр хуурч М.Мөнх-Эрдэнэ

-Ер нь залуус хуучны гэх зүйлийг эргэж сонирхож байгаа харагдаж байна. Та энэ тал дээр санал нийлэх үү. Үүний шалтгааныг юу гэж хардаг вэ?

-Ер нь бол бүх юм давтамжтай явдаг. Эргээд, өөрчлөгдөөд хувьсаж байдаг. Тийм учраас өнгөрсөн үеийнхээ алтан сайхан аялгуунуудыг одоо сонсож байна. Гэхдээ жоохон өөрчилж, шинэчилж байна. Цаашлаад дуу бүрд хүмүүсийн ажиллаж, хөдөлмөрлөж байсан үе болон хайр дурлал гээд олон дурсамж хадгалагдаж байдаг. Харин тэр дууг сонсоход тухайн хүний түүхийн замналыг өөрт нь дахин мэдрүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, цаг хугацаагаар аялж байгаатай ижил гэсэн үг юм. Тэр утгаараа маш их сайхан л даа.

-Энэ ажлыг хийж байх хугацаанд танд хамгийн их сэтгэлд үлдсэн үе хэзээ байдаг вэ?

-Шинэ жилийн өмнө “Мандухай цэцэн хатан” киноны ая болон “Цагаан суварга” хоёрыг дараалан тоглосон юм. Тэгсэн хажууд байсан нэг эгч уйлаад л суугаад байсан. Уйлж байгаа хүнээс шалтгааныг нь асуух шиг хэцүү зүйл байхгүй шүү дээ. Харин дараа нь хүмүүсээс асуухад тэр хүний нандин дурсамж нь сэдэрсэн байсан. “Сэтгэлийн буглаа гаргачихлаа” гэж хэлсэн. Энэ мэт тохиолдол олон байдаг. Хүний сэтгэлийн гүнд байгаа сайн сайхан, муу муухай бүхнийг уудалж, цэвэрлэж байгаа хөг аялгуу, эгшиг хөгжим гэдэг бол маш сайхан. Би үүнээсээ маш их сэтгэлийн таашаал авдаг.

"УРЛАГ ХҮНИЙГ ХҮМҮҮЖИЛТЭЙ, МАШ ЦЭГЦТЭЙ ХҮН БОЛГОДОГ"

-Таны хувь хүний тухай жаахан ярилцъя. Та ер нь юунд зорьж байна вэ?

-Би анх 1993 онд хөгжим бүжиг төгссөн. Улмаар циркийн хөгжмийн удирдаач н.Батсайхан гэх хүнд дадлага хийж байсан. Тэр хугацаандаа хөгжмийн зохиолч Ц.Хангал гуайн удирдлага дор ажиллаж байсан юм. Тэндээс маш их юм сурсан. Тэгээд Улсын филармонид 1994 оноос хойш 2022 он хүртэл ажилласан байна. Дунд нь таван жил завсарласан. Энэ хугацаанд хөгжимчин хүн гэдэг ажиллах тусмаа боловсорч байдаг гэдгийг ойлгосон. Алтан үеийнхнээс ч маш их суралцсан. Маш олон олон гайхалтай хүмүүстэй ажиллаж байсан тулдаа би өдий зэрэгтэй бас явж байгаа. Ер нь урлаг хүнийг маш их өөрчилдөг. Гоё хүмүүжилтэй, маш цэгцтэй хүн болгодог. Иймд, заавал урлаг урлагийн хүн болохгүй ч урлагийн мэдлэгтэй, мэдрэмжтэй, ганц хоёр хөгжим мэдэрдэг байх нь хүний хөгжилд чухал гэж боддог. Хүний үндсэн хөгжил урлагаас л эхэлдэг гэж хардаг.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө