МАН-ын залуучуудын байгууллагаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг шаарджээ

МАН-ын залуучуудын байгууллагаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг шаарджээ

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлөөс өнөөдөр намын удирдлагууд болон зохих түвшинд хандан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож, хатуу арга хэмжээ авч ажиллахыг шаардсан хүсэлтийг өгч байгаагаа мэдэгджээ.

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнхжин "Миний хувьд хувийн хэвшилд ажиллахынхаа хажуугаар залуу хүний хувьд улс төрийн оролцоотой явах гээд МАН-д элссэн. Одоо МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байна. Сүүлийн үед эрчим хүчний салбарт үүссэн асуудал иргэн бүрийн амьдралд шууд нөлөөлж эхэллээ. Иргэдийн хувьд цахилгаан тасрах, халаалт доголдох нь тэвчих асуудал биш. Эрчим хүч бол улстөржилт ч биш. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс шинэ залуу даргатай болсон, Монголын ууган намын шинэ залуу гишүүний хувьд улс төрийн шинэ соёл, хариуцлага нэхдэг тогтолцоо бий болоосой гэж хүсэж байна.

Өнгөрсөн хугацаанд гарсан энэ олон асуудалд яг хэн хариуцлага хүлээх юм, өмнөх Засгийн газар тэр олон их наяд төгрөгийг зарцуулсан хэрнээ нэг ч шинэ станцгүй, нөгөө асуудлуудаа яриад сууж байна. Хариуцсан салбарын сайд нь уучлалт гуйсан болоод "гайгүй болно оо" гээд өнгөрөх нь зөв үү. Эрчим хүчний салбарын богино, дунд, урт хугацааны шийдэл нь юу байсан бэ. 2022 оноос хойш салбарын сайд ажлаа хийж чадсан уу гэвэл үнэхээр чадаагүй. Чадахгүй байгаа хүмүүсийг өөр салбарын сайдаар томилдог, эсвэл Элчин сайдаар явуулдаг тогтолцоог шууд сольж, харин ч хатуу арга хэмжээ авдаг, хариуцлага тооцдог тогтолцоог бид хүсэж байна.

Тиймээс намын удирдлагууддаа хандан чадахгүй байгаа, ашиг хонжоо хайсан, хариуцлагаас зугтсан хүмүүст хатуу хариуцлага тооцдог болохыг шаардаж байна. Энэ нь ч цаашдаа Ардын намын хатуу зарчим болж тогтоосой, энэ үеийн цоо шинэ хуудас нээгдээсэй гэж хүсэж байна. МАН-ын гишүүн, дарга л бол хүн ажлаа хийж чадахгүй байсан ч улиран томилогддог байж болохгүй. Энэ тогтолцоог эсэргүүцэж байна. Хариуцлагаас зугтдаг, цагийн аясаар мартагдуулдаг энэ байдлыг намын залуу гишүүний хувьд тууштай эсэргүүцэх болно. Үүнтэй эвлэрэх залуус ч одоо байхгүй байх. Иймд энэхүү байр сууриа илэрхийлээд зохих түвшинд Б.Чойжилсүрэн сайдад хариуцлага тооцохыг шаардсан албан бичгээ хүргүүлэхээ мэдэгдэж байна. Энэ санал санаачилгыг намын болон намын бус энэ нийгмийг өөрчлөхийг хүссэн хүн бүр дэмжинэ гэдэгт найдаж байна" гэжээ.