Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журам 2025 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, 102 аппликэйшныг ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна.
Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшууллыг нийт 9112 иргэнд олгожээ. Энэ үеэр зарим иргэд 2 сая, бүр 6 сая төгрөгийн урамшуулал авсан нь иргэдийн анхаарлыг татаад байсан. Тэгвэл бид энэ удаа 2.4 сая төгрөгийн буцаан олголтыг авсан иргэн Ү.Ганзоригтой зарим асуудлын талаар ярилцлаа.
ВИДЕО:
102 аппликейшнийг хэрхэн ашигладаг талаар бид иргэн Ү.Ганзоригоос тодруулсан юм. Автомашины зөрчлийн зургийг дарж илгээхдээ заавал зогсохыг хориотой гэсэн тэмдэглэгээтэй нь хамт дарж явуулах бөгөөд урд болон хойд талаас нь хоёр удаа дарж илгээх ёстой аж. Харин нэг машины зөрчлийг өдөрт нэг л удаа мэдээлэх боломжтой. Өмнө нь мэдээлсэн байвал энэ зөрчил бүртгэгджээ гэж гарч ирдэг гэнэ. Мөн 102 аппликейшн гарснаар нэгдүгээр эгнээнд автомашинаа тавих зөрчил багассан талаар тэрбээр хэлж байсан юм.
-Та хэзээнээс эхэлж 102 аппликейшнээр зөрчил илгээж эхэлсэн бэ?
-102 аппликейшн гараагүй байхад “Police” гэдэг аппликейшн байсан. Би тэр аппликейшнээр ч зөрчилтэй машины зургийг дарж явуулдаг л байсан. Тэр үед мөнгө өгдөггүй байсан юм. Би бол мөнгө хөөдөг юм хүн биш. Шударга зүйлийг л хөөдөг хүн. Х.Нямбаатар, НИТХ-ээс хот дотор түгжрэл үүсгээд байгаа зүйл нь нэгдүгээр эгнээнд машинд тавих, явган хүнийг явуулахгүй зам дээр нь машин тавих гэж үзээд энэ зөрчлийг арилгахын тулд нэг ёсондоо ард түмнээсээ тусламж гуйж байгаа юм шүү дээ. Зөрчил мэдээлсэн бол торгуулийн 10 хувь буцаан олгогддог. Гэхдээ заавал тухайн зөрчил гаргасан жолооч торгуулиа төлж байж надад 10 хувь нь орж ирнэ гэсэн үг. Торгууль төлөөгүй хүмүүсийн мөнгө нь орж ирэхгүй.

-Энэ хугацаанд хэдэн автомашины зөрчил илгээж, хэдэн төгрөгийн урамшуулал авсан бэ?
-Арваннэгдүгээр сарын 1-нээс энэ урамшуулал олгох систем ажиллаж эхэлсэн шүү дээ. Энэ аппликейшн гарсан цагаас эхлээд л өдөрт 100-200 автомашины зураг дарж явуулдаг байсан. Мөнгөн дүнг нь бодоод үзвэл нэг хүн 20 мянган төгрөгөөр торгуулж байгаа гэхэд нэг хүнээс 2000 төгрөгийн буцаан олголт надад орох ёстой.
Ингээд 100 зөрчил бүртгүүлдэг гэхээр хамгийн багадаа өдөрт 2 сая төгрөгийн ажил хийж байгаа юм шүү дээ. Гэхдээ би мөнгө авах гэж яваагүй шүү. Өнөөдөр буцаан олголт маань орж, 2.4 сая төгрөг авсан.
-Өнөөдөр гэхэд та хэдэн зөрчил илгээгээд байна вэ?
-Өнөөдөр гэхэд л 30 орчим машины зөрчил илгээчхээд явж байна. Улсын дугаар нь зураг дээрээ сайн гараагүй бол хүчингүй гэж гарч ирдэг. Манай гэр Хурд хороололд байдаг юм л даа. Өдөр гэрээсээ гарч ирээд Драмын театрын ойролцоогоор явж, Их дэлгүүр дээр очиж, фантомыг тойроод зөрчил гаргасан автомашинуудын зургийг дардаг. Орос элчингийн баруун талын авто замд байнгын л нэгдүгээр эгнээнд битүү машин тавьсан байдаг. Намайг тэр хавиар зураг дардаг болсноос хойш харин хүмүүс машинаа нэгдүгээр эгнээнд тавихаа болиод байгаа юм.

-Та ер нь ажилдаа явах замаараа зөрчил гаргасан автомашинуудын зургийг дардаг юм уу, эсвэл бүр тусгайлан ажил болгож, өдөржин явдаг уу?
-Би 66 настай тэтгэврийн хүн. Өдөрт хийх зүйл байхгүй. Бие, ухаан эрүүл саруул байгаа учраас зүгээр гэртээ хэвтэж байхаар гээд зорьж гарч ирж зөрчилтэй автомашинуудын зураг дардаг. Би бас иргэн хүнийхээ хувьд авто замын түгжрэлийг багасгахад хувь нэмрээ оруулж байна шүү дээ.
-Та тэгээд өдөр болгон явдаг уу?
-Амралтын хоёр гардаггүй. Долоо хоногийн гурван өдөр, заримдаа дөрвөн өдөр гарч зөрчил илгээдэг.

-Хүмүүс танд сөрөг хандлага гаргаж байх юм уу?
-Буцаан олголт маань өнөөдөр орж ирсэн. Нийт 2.4 сая төгрөг орж ирсэн байна. Энэ улиралд 120 сая төгрөг улсаас гарч байгаа юм билээ. Тэгээд тэндээс нь 2 сая гаруй төгрөг нь надад орж ирж байгаа юм байна. Энэ аппликейшн дэлгэрэх юм бол хүүхэд болгон л зураг дарах байх. Би сайн мэдэж байна. Намайг дарж байхад ч хүүхдүүд зураг дараад явж байдаг юм. Одоо миний зураг дардаг газар хүмүүс зогсохоо байсан.
Бас би өдөрт 1-2 удаа хүнд зодуулдаг. Өчигдөр гэхэд л нэг хүнд зодуулаад хөлөө гэмтээгээд шүүх эмнэлэгт үзүүлчхээд явж байна.
-Нөгөө талаар нийслэлд авто зогсоолууд ховор учраас л нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьчихдаг энэ мэт төрлийн зөрчил гараад байна шүү дээ?
-Үгүй. Жишээлбэл цагдаагийн ерөнхийгийн хойно гэхэд л кодоор уншдаг авто зогсоолууд хийсэн байгаа. Тагнуулын Ерөнхий газрын урд бас тийм зогсоол бий. Гэтэл намайг явах бүрт тэр зогсоолууд дотор нэг ч машин байдаггүй. Мөнгөө нарийлаад байгаа байхгүй юу. Ард түмний толгойд нэг өвчин байна. Тийм байж зогсох хориотой газар машинаа тавьчихдаг. Тэгээд дараа нь бид нарыг торгуулаад байна гээд уурлаад байгаа байхгүй юу. Өөрсдөө л торгуулах юмаа хийж байгаа хүмүүс шүү дээ.

-Энэ урамшууллын систем хэрэгжээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Таны ажигласнаар энэ төрлийн зөрчил багасч байх юм уу?
-Хамаагүй багасчхсан. Яагаад гэвэл их дэлгүүрийн фантомын тэр хавьд машин байхгүй байгаад байгаа. Заримдаа бүр өөртөө гомддог байхгүй юу. Орлого байхгүй болчихдог шүү дээ.
-Энэ нь нэг талаараа сайн зүйл биз дээ?
-Баярлахгүй яах юм бэ. Би үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, энэ хотыг түгжрэлгүй байлгахын төлөө л хийж байгаа ажил шүү дээ.
-Таныг зөрчил мэдээлж байх үед жолооч нар таны биед халдах үйлдэл гаргадаг гэлээ шүү дээ. Жолооч нар ер нь юу гэж хэлж байх юм?
-Машинаараа бүтэн эгнээ хаачхаад утсаа үзээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд зөрчлийг нь мэдээлэхээр уурлаж над руу дайрдаг. Залуус ийм муухай танхай байна. Гэтэл би 66 настай хүн байж хотыг гоё болгох гээд л өөрийнхөө цаг завыг зарцуулаад л явж байна шүү дээ. Гэхдээ сүүлийн үед зөрчил мэдээлэх гэхээр хүмүүс зураг дарчхаад байдаг болсон байна лээ. Нэг машиныг өдөрт нэг л удаа мэдээлдэг байхгүй юу. Жишээ нь би нэг машины зөрчлийн зургийг Драмын театрын ойролцоо дарчхаад, их дэлгүүрийн тэнд ахиад зөрчилтэй байхад нь дарах гэвэл мэдээлсэн байна гэж гарч ирнэ. Зам дээр иргэд машинаа тавихгүй бол би ингэж хоёр сая төгрөгийн орлого олохгүй шүү дээ. Зөрчил гаргахгүй л бол би зураг дарж явах шаардлагагүй. Гэртээ амарч байсан нь дээр биз дээ. Би бол Улаанбаатар хотоо хөгжүүлэх гээд л өөрийнхөө хэмжээнд зүтгээд явж байгаа хүн.