СУРВАЛЖИЛГА: Оршин суугчид нь бүрэн нүүж амжаагүй байхад барилгыг нурааж эхэлжээ

СУРВАЛЖИЛГА: Оршин суугчид нь бүрэн нүүж амжаагүй байхад барилгыг нурааж эхэлжээ

Сүхбаатар дүүргийн 6-р хороо 26-р байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны 8-р сарын 04-нд “Азийн идэр цамхаг” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн.

ВИДЕО:

"ТУС БАРИЛГЫГ НУРААЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ХААЛТ ХАМГААЛАЛТ, ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ХИЙГЭЭГҮЙ ХЭВЭЭР БАЙНА"

Харин өнгөрсөн пүрэв гараг /2026.01.22/-аас эхлэн тус барилгыг нурааж эхэлжээ. Барилга нурааж эхлэхтэй зэрэгцэн барилгын нуранги авто зам руу унаж, нөхцөл байдал үүссэн. Тухайн үед хүний эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь нас эрсдээгүй ч аюулгүй байдлыг өнөөдрийг хүртэл хангаагүй хэвээр байна.

Тодруулбал, тус барилгыг нурааж эхэлснээс хойш зургаа хоног өнгөрч байгаа ч барилгын аюулгүй ажиллагааны наад захын шаардлага болох хаалт хамгаалалт, тэмдэг, тэмдэглэгээг хийгээгүй хэвээр байна. Харин өнгөрсөн зургаа хоногийн хугацаанд тус хэсэгт шар тууз уясан л нөхцөл байдалтай байлаа.

Барилга, хот байгуулалтын яамны баталсан “Барилгын дүрэм”-д “Үйлдвэрлэлийн эрсдэлтэй бүсэд” осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хаалт хамгаалалт хийх ёстойг тодотгосон байдаг. Улмаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус бүсэд дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байх ёстойг заасан байдаг юм. Уг асуудлаар “Азийн идэр цамхаг” компаниас тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Цаашлаад уг компани оршин суугчидтай бүрэн тохиролцож, нүүлгэж дуусгаагүй байхад барилгыг нурааж байгаа нь анхаарал татаж байна. Тус байр нийт долоон орцтой 53 оршин суугчтай Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн тоо 40 орчим байдаг. Гэтэл оршин суугчдын хэлснээр гурван айлтай тохиролцож албан ёсны гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл нэг айл нүүгээгүй, эд хогшил нь хэвээрээ байна. Түүнчлэн, оршин суугчдын төлөөлөл өнгөрсөн намраас хойш тус компанитай шүүхдэлцэж байгаа аж.

"ОРШИН СУУГЧ НЬ НҮҮГЭЭГҮЙ БАЙХАД БАРИЛГЫГ НЬ НУРААНА ГЭДЭГ БОЛ ХҮН ӨМЧТЭЙ БАЙХ, АМЬДРАХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ"

26-р байрны оршин суугч Г.Хүрэлсүх “Өнгөрсөн зун миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн гомдолд одоог хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй хэвээр байна. Цаашлаад тус шүүхэд гаргасан гомдолын материалын үндсэн маргаанд ч орж амжаагүй байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад барилгыг нурааж эхэлсэнд би гомдолтой байна. Энэ үйлдэл бол Монгол Улсад хууль, шүүх үйлчилдэггүй гэдгийн том жишээ болж байна.

Бага тойрог орчимд долоогоос дээш давхар байшин барилга, орон сууц барихыг хориглодог. Гэтэл энэ хүртэл зөрчигдөж байна. Энэ асуудлаар АТГ, цагдаа, шүүхэд хандаад ч тоохгүй, шийдвэрлэхгүй байна. Оршин суугч нь нүүгээгүй байхад барилгыг нь нураана гэдэг бол хүн өмчтэй байх, амьдрах, орон байртай байх эрхийг зөрчсөн үйлдэл. Өнгөрсөн есдүгээр сарын 15-наас өмнө халаалт, ус зэргийг хаасан. Мөн хаалга, шал зэргийг тоносон.

Хүн амьдрах нөхцөлгүй болгосноос болж гэрээ байгуулаагүй эдгээр гурван өрх түрээсийн байранд, айл амьтны гэрт толгой хорогдож байна. Тус компани гэрээ байгуулаагүй хүмүүст байнга хүчирхийлэл үйлдэж, орон байранд танхай этгээд явуулж, айлган сүрдүүлж, хутга барьсан этгээд хүртэл явуулдаг. Улмаар тус компаниас барилга нураах зөвшөөрөл авсан эсэх талаар асуухад аваагүй байгаа юм. Энэ асуудлыг ХЭҮК зэрэг байгууллага хүний эрхийн зөрчил гэж дүгнэсэн ч юу ч өөрчлөгдөөгүй байна” гэсэн юм.

Тус барилгыг дахин төлөвлөлтөд гүйцэтгэгч компаниар шалгарсан “Азийн идэр цамхаг” ХХК энэ байршилд 240 айлын үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2027 оны наадмаас өмнө барихаар төлөвлөж байгаа юм.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө