УИХ-ын нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа бол УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг "Хахууль авах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татан, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Гэтэл сүүлийн саруудад дээрх нэр бүхий гишүүдэд холбогдох хэргийн сураг алдраад байна. Тиймээс бид уг хэргийн талаар эх сурвалжийн хүрээнд дараах мэдээллийг бэлтгэлээ.
-УИХ-ЫН ДЭД ДАРГА АСАН Х.БУЛГАНТУЯА ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛТОЙГОО ТАНИЛЦААГҮЙ ТУЛ ТҮҮНД ТСАХ АВАГДААГҮЙ БАЙЖЭЭ-
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хэрэг цаашид ч багагүй хугацаанд сунжирч магадгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаагүй тул түүнд таслан сэргийлэх арга хэмжээ мөн авагдаагүй байжээ. Тиймээс ч Х.Булгантуяа нь Монгол Улсын хилээр гарч яваад өнөөг хүртэл эх орондоо буцаж ирээгүй байгаа аж. Тэрбээр Тагнуулын байгууллагаас шалгаж буй хэрэгтэй холбоотойгоор магадгүй гаднын улс орон руу орон зайлсан бол түүнд холбогдох энэ хэрээр удааширч магадгүй байгаа юм байна.
-УИХ-ЫН ДАРГА АСАН Д.АМАРБАЯСГАЛАНД ХУВИЙН БАТАЛГАА ГАРГАХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ-
Харин УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа аж. Түүнийг "Хахууль авах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм байна. Тиймээс ч УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нь холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, гаднын улс орон руу яваад саяхан эх орондоо иржээ. Товчхондоо, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь хууль хяналтын байгууллагын ажил үүрэгт хүндэтгэлтэй хандан, хуулийн хүрээнд шалгуулж байгаа аж.