НЗД-ын орлогч А.Амартүвшин үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэх тухай шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ нь ч олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртэж байна.
Тэгвэл өнөөдөр /2026.01.21/ хүний эрх, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус байгууллагуудын төлөөлөл НЗД-ын орлогч А.Амартүвшний энэ шийдвэр нь хүчирхийлийг хүчирхийллээр шийдэж буй арга хэмээх байр суурийг илэрхийлсэн юм.
"ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ШИЙТГЭХ, ЦЭЭРЛҮҮЛЭХ АРГА ЗАМААР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ"
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Үе тэнгийн дээрэлхэлт гэх асуудал аль ч нийгэм, улсад бий. Харин тус асуудал ямар түвшинд байгааг л ярина. Үе тэнгийн дээрэлхэлтийг шийтгэх, цээрлүүлэх арга замаар шийдвэрлэх боломжгүй. Энэ асуудлын суурь шалтгааныг арилгах замаар шийдвэрлэнэ. Гэхдээ үе тэнгийн дээрэлхэлт 100 хувь алга болно гэсэн баталгаа байхгүй. Зөвхөн сургууль, цэцэрлэг ч биш ах дүү, гэр бүлийн дотор ч бас байдаг асуудал. Манай байгууллагаас гэхэд дотоодын нэр хүнд нэр хүндтэй сургуулийн ахлах ангийн 1600 хүүхдийн дунд судалгаа хийсэн. Тус судалгаанд оролцсон хүүхдүүдийн тал хувь нь “миний биед их бага хэмжээгээр халдсан” гэх хариулсан байдаг. Тэгэхээр бид энэ асуулыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт анхаарч ирсэн.
Харин үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэдэг болох тухай шийдвэр бол маш буруу. Цаашлаад тухайн хүүхэд их, сургуульд сурах, тэтгэлэг авах, гадаадын их, сургуульд сурахад хувийн хэргийн үе тэнгийн дээрэлхэлт хийж байсан гэх тэмдэглэл сөргөөр нөлөөлөх юм бол энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг болно. Цаашлаад шударга ёсны асуудлыг хөндөнө.
Нийслэлээс яригдаж буй энэ ажил судалгаа дутуу, маш тодорхойгүй байна. Ямар хүмүүс зөвлөлдөж, хоёр жилийн турш хэлэлцсэн нь тодорхойгүй байна. Ер нь бол энэ төрлийн асуудал гаргасан хүүхэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар арга хэмжээ авдаг. Гэтэл үүн дээр дахиад шийтгэл оногдуулах нь, сурч боловсрох эрхэд халдаж болохгүй. Ер нь бол сургуулийн багш, ажилчид анхаарч ажиллах ёстой. Дээрэлхэлт үйлдлээ гээд нийгмээс тусгаарлаж болохгүй. Энэ шийдвэр албажихгүй гэж найдаж байна. Энэ шийдвэр батлагдчих юм бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм биш болно. Үндсэн хуулийг зөрчиж буй үйлдэл” гэлээ.
"ЭНЭ САЛБАРААС ХАСАХ, ШОШИГЛОХ, АДЛАХ НЬ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН МАШ ТОМ ЗӨРЧИЛ БӨГӨӨД ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ"
Бүх нийтээрээ боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ-ын дэд зохицуулагч Я.Мөнхчимэг “Боловсролын салбарын хамгийн чухал үүрэг бол урьдчилан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байдаг. Боловсролоор дамжуулж хүн өөрийнхөө эрхэм чанарыг ойлгож, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг. Цаашлаад ахуй амьдралаа авч явах хэмжээний мэдлэг, ур чадварыг олж авдаг. Гэтэл энэ салбараас хасах, шошиглох, адлах нь сурч боловсрох эрхийн маш том зөрчил. Мөн Үндсэн хуулийн зөрчил болж хувирна. Тэр хүнийг дахиад цаашид амьдрах араггүй болгож байна шүү дээ. Дээрэлхэлт үйлдэж буй суурь шалтгааныг олж, засах ёстой. Дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг сургуулиас хөөдөг туршлага бидэнд бий. Тэгээд үр дүнд нь нөгөө хүүхэд өөр сургуульд шилжсэн ч дээрэлхэлтээ үйлдсээр явдаг.
Энэ шийдвэр бол хүний эрхийн маш том зөрчил. Ер нь дээрэлхэлтийн суурь шалтгаан нь эд хөрөнгийн ялгаа, жендерийн хэвшмэл ойлголт, эрх мэдлийн ялгаа байдаг. Гэтэл энэ ялгааг арилгах оронд хүүхдэд чиглэсэн харгис мэдэгдлийг хийж байна.
Нийслэлээс яриад буй үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэдэг болох шийдвэр нь Боловсролын яамны ажилд орж байна гэсэн үг. Өөрсдийнхөө ажлыг хийх ёстой шүү дээ” гэж хэлсэн юм.
"НЗД-ЫН ОРЛОГЧ А.АМАРТҮВШИН ТА ОЛОН НИЙТЭД ТАНИГДАЖ, ОНОО АВАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭХЛЭЭД САЛБАРЫН ХҮМҮҮСЭЭС АСУУЖ, ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ"
Хөөрхөн зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Манайх бол хүүхэд хамгааллын байгууллага. Нэг талаас үе тэнгийн дээрэлхэлт үйлдэж байгаа мэт боловч тэр хүүхэд өөрөө хохирогч байх боломжтой. Учир нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт үйлддэг байх хандлагатай. Манай улс 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг Азийн бүс нутагтаа анх удаа баталсан. Үүнээс харахад дэвшилттэй мэт харагдаж байна. “Чи Батын хүүхдийг зодчихлоо” гээд хувийн хэрэгт бүртгэх нь маш хариуцлагагүй үйлдэл. Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт гарч байна гэдэг гэдэг нь тус байгууллага энэ төрлийн хүчирхийллийг өөхшүүлдэг соёлтой байгууллага байна гэсэн үг. Энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Суурь шалтгааныг нь шийдвэрлээгүй байж, зарим бүхий улс төрчид хүүхдийн асуудлыг дур мэдэн ярьж байна. Хэрэв НЗД-ын орлогч А.Амартүвшин та олон нийтэд танигдаж, оноо авах гэж байгаа бол салбарын хүмүүсээс асууж, зөвлөгөө аваарай. Энэ бол популизм хөөцөлдөх асуудал биш. Энэ төрлийн шийдвэр олон нийтэд таалагдаж болох юм. Гэхдээ энэ нь шийдэл биш. Мөн энэ нь улс төрчдийн хийх асуудал биш” гэв.