Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ

Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ

АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” шуурганы улмаас 11 хүн амиа алджээ.

Түүнчлэн олон арван мянган нислэг цуцлагдаж, нэг сая гаруй хэрэглэгч цахилгаангүй болсон байна. Иймээс АНУ-ын 24 муж улсад онцгой байдал зарлажээ. Ням гарагт Техас муж улсаас Хойд ба Өмнөд Каролина хүртэлх найман муж улсад нэг сая гаруй айл өрх, байгууллага цахилгаангүй болсон байна. Үүний улмаас хамгийн их хохирлыг Теннесси муж улс амссан бөгөөд тэнд нийт тасалдлын гуравны нэг орчим нь бүртгэгдсэн байна.

Ням гарагт мөн цар тахлаас хойших хамгийн олон нислэг буюу 17 мянга гаруй нислэг цуцлагджээ. Томоохон хотуудын сургуулиудын хичээлийг даваа гарагт зогсоож, цахимд шилжүүлсэн байна. Цаг агаарын гамшигт 200 сая гаруй америкчууд өртөх төлөвтэй байна. Тус улсын бүх хүнсний дэлгүүрийн тавиурууд хоосорч, олон бүс нутгийн оршин суугчид ирэх хэдэн хоногт гадаад ертөнцөөс таслагдаж болзошгүй болжээ. Цаг уурын албаныхны таамаглаж байгаагаар, даваа гарагт шуурга Зүүн эргээс Атлантын далайн эрэг рүү шилжих боловч дараа нь Арктикийн агаарын урсгал ирэх төлөвтэй байгаа тул хэд хоногийн турш тэсгим хүйтэн байдал үргэлжлэх төлөвтэй байна.