Ардчилсан нам удахгүй бүх шатандаа дотоод сонгууль явуулж, бүтэц бүрэлдэхүүний шинэчлэл хийхээр зорьж байгаатай холбоотойгоор 2026 оны нэгдүгээр сарын 24-нд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын анхан шатны гишүүдийн уулзалт зөвлөгөөн болж, 500 гаруй гишүүд оролцлоо.
ВИДЕО:
Намын шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэнээр өмнөх дүүргийн намын дарга огцорсонд тооцогдсон бөгөөд намын даргын үүргийг хамгийн ахмад настай дэд дарга орлон гүйцэтгэх дүрмийн заалтын дагуу Баянзүрх дүүргийн намын дэд дарга Х.Эрдэнэсайхан, дүүргийн намын хорооны тэргүүлэгчид, Баянзүрх хөгжлийн форумын тэргүүн М.Тулгат нар тус зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулав.

Шинэ дүрмийн талаарх танилцуулга, удахгүй эхлэх гишүүнчлэлийн үндэсний аян, ирэх гуравдугаар сард болох дотоод сонгуулиудын талаар мэдээлэл өгч, гишүүдийн дунд чөлөөт уулзалт, хэлэлцүүлэг өрнөлөө.
Ардчилсан намын шинэ дүрмийг 2025 оны нэгдүгээр сарын 9-нд Улсын дээд шүүхээр бүртгэж, албан ёсоор үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажлаа өгсөн бол, 2024 оны аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар ялагдсан дунд шатны намын дарга нар огцорсонд тооцогдсон байна.

Ардчилсан намын шинэ Үндсэн дүрмийн 54.6-д заасны дагуу хамгийн ахмад настай тухайн шатны дэд дарга түр орлон гүйцэтгэх боломжтой байгаа юм байна. 2026 оны нэгдүгээр сарын 15-ны Пүрэв гаригт хийсэн 4:11 хэвлэлийн цагаараа намын дарга О.Цогтгэрэл удахгүй болох “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аян, түүний араас орон даяар явагдах дотоод сонгуулийн талаар мэдээлэл өгсөн билээ. Үндэсний аяны хүрээнд намын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэл цахим системээр явагдаж, мөн шинэ гишүүдийг элсүүлж, намынхаа эгнээг өргөжүүлэх ажиллагаа өргөн далайцтай явагдах юм.

