АНУ-ын цагаачлалын визийг хязгаарласан улсуудаас “Энх тайвны зөвлөл”-д багтсан найман улсын нэг нь Монгол Улс бөгөөд дүрэмд дурдсан 1 тэрбум долларыг заавал төлөх шаардлагагүй гэжээ

АНУ-ын цагаачлалын визийг хязгаарласан улсуудаас “Энх тайвны зөвлөл”-д багтсан найман улсын нэг нь Монгол Улс бөгөөд дүрэмд дурдсан 1 тэрбум долларыг заавал төлөх шаардлагагүй гэжээ

Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан "Энх тайвны зөвлөл"-ийг зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026.01.22/ гарын үсэг зурлаа. Уг үйл явдал нь олон улсад өрнөж байгаа улс төрийн гол үйл явдал болоод байна. 

Цагаан ордны мэдээлсэн жагсаалтад дурдсанаар зөвлөлд Аргентин, Армени, Азербайжан, Бахрейн, Болгар, Египет, Унгар, Индонез, Йордан, Казахстан, Косово, Монгол, Марокко, Пакистан, Парагвай, Катар, Саудын Араб, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан зэрэг 35 улс нэгдсэн гэжээ. Мөн Трамп энэ сарын эхээр 70 гаруй улс орны цагаачлалын визний боловсруулалтыг зогсоосон. Энэ жагсаалтад орсон орнуудаас дээрх зөвлөлд багтсан улсуудад Армени, Азербайжан, Египет, Йордан, Монгол, Марокко, Пакистан, Узбекистан улс багтаж байгаа талаар гаднын хэвлэлд /News from the states/ мэдээлжээ.

Зөвлөлийн нээлтйн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлсэн үгэндээ, "Энэ зөвлөл бүрэн байгуулагдсаны дараа бид зорьсон ажлуудаа хийж эхэлнэ. Мөн бид НҮБ-тай хамтран ажиллах болно. Бид хамтдаа гайхалтай боломж бий болгох боломжтой. Энэ нь хэдэн арван жилийн зовлонг эцэслэж, дэлхийд энх тайвныг бий болгох боломжтой гэж би бодож байна. Энэ нь бид бүгдэд агуу өв байх болов уу. Энэ өрөөнд байгаа хүн бүр од шүү” гэжээ.

“Энх тайвны зөвлөл”-д нэгдэхийг зөвшөөрсөн болон татгалзсан улсууд

Түүнчлэн Трампын энэ зөвлөлд байнгын суудал авахын тулд улс орнууд дор хаяж 1 тэрбум ам.доллар төлөх шаардлагатай гэж төсөлд дурджээ.

Харин Монгол Улсын Засгийн газраас, “Дүрэмд заасан 1 тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой” гэсэн байна.

Цагаан ордны албан тушаалтан "Associated Press" агентлагт өгсөн ярилцлагадаа 50 орчим улсыг урьсан гэж мэдэгдсэн боловч хэд хэдэн улс хариу өгөөгүй бөгөөд одоогийн байдлаар зөвлөлд 35 улс гишүүнээр элссэн гэж мэдэгдсэн байна. Мөн Франц улс пүрэв гарагт Трампын саналаас татгалзсан бөгөөд зөвлөлийн дүрэм нь Газын дайныг шийдвэрлэх НҮБ-ын тогтоолтой нийцэхгүй бөгөөд дүрмийн зарим элементүүд нь НҮБ-ын дүрэмтэй зөрчилдөж байна гэж үзжээ. Үүний зэрэгцээ Москва нэгдэх урилгыг авч үзэж байгаа гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө