ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох "М Си Эс Интернэйшнл"-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ "Эн Ар Жи хөгжил"-тай 5.5 тэрбумын гэрээ байгуулуулжээ

ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох "М Си Эс Интернэйшнл"-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ "Эн Ар Жи хөгжил"-тай 5.5 тэрбумын гэрээ байгуулуулжээ

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон зөвлөх П.Товуудорж, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Насантогтох нарт холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор сайд асан Н.Тавинбэх зөвлөх П.Товуудоржийн дүү П.Даваадоржийн компанид давуу байдал олгож, тэд Монгол төдийгүй оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл энэ удаад өнгөрсөн оны есдүгээр сард /2025.09.24/ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох хэргийн талаарх баримтыг дэлгэж байна. 

-Б.НАСАНТОГТОХ НЬ "М СИ ЭС ИНТЕРНЭЙШНЛ" ХХК-ИЙН ЦАХИЛГААНЫ ХАНГАМЖИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙГ ӨДӨРТ НЬ БАТАЛЖ ӨГЧЭЭ-

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа "М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, улмаар өөрийн эхнэрийнхээ компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. 

Тодруулбал, "М Си Эс Интернэйшнл" ХХК нь "Эрдэнэ Монгол" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол багт байрлах алтны уурхай түүний боловсруулах үйлдвэр болон чухал барилга байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангах "Нарийн Сухайт - Баянхөндий 242 км урттай, 110 кВ ЦДАШ, 2х16 МВА хүчин чадалтай 110/11 кВ Дэд станц" төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна. 

Харин тухайн компани нь уг цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтээ анх 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Эрчим хүчний яаманд ирүүлсэн байх бөгөөд хүсэлт ирүүлсэн тухайн өдөр цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг нь баталсан байгаа юм.

-ГАН ГОЛТОЙ ХӨНГӨН ЦАГААН ДАМЖУУЛАГЧ УТАС НИЙЛҮҮЛЭХ НЭРЭЭР 5.5 ТЭРБУМЫН ХАХУУЛЬ АВСАН УУ-

Улмаар Б.Насантогтох нь дээрх техникийн нөхцөл баталсныхаа дараа буюу 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэр Ч.Ариунтунгалагийн үүсгэн байгуулсан "Эн Ар Жи хөгжил" ХХК-аар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан байжээ. Магадгүй Б.Насантогтох нь ийнхүү өөртөө давуу байдал бий болгохын тулд "М Си Эс Интернэйшнл" ХХК"-ийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталсан байхыг үгүйсгэхгүй юм. 

"М СИ ЭС ИНТЕРНЭЙШНЛ" ХХК-ТАЙ 5.5 ТЭРБУМЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН Б.НАСАНТОГТОХЫН ЭХНЭРИЙН КОМПАНИ "БАРИЛГЫН МАТЕРИАЛ", "БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ"-НИЙ ЧИГЛЭЛТЭЙ-

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын эхнэр Ч.Ариунтунгалагийн үүсгэн байгуулсан "Эн Ар Жи хөгжил" ХХК нь өнгөрсөн оны зургаадугаар сард "Эрдэнэт үйлдвэр"-ээс зарласан "Уян зэс голтой дамжуулагч кабель" нийлүүлэх тендерт оролцсон ч шалгарч чадаагүй хасагдсан байна  Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тухайн компани нь "Барилгын материалын худалдаа", "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ", "Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа"-ы чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй, 2015 онд байгуулагдсан компани аж. 

-Б.НАСАНТОГТОХЫГ 5 ХҮРТЭЛ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ ХОЁР ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-

Ямартай ч АТГ-аас уг хэргийг илрүүлэн, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллаагаар Б.Насантогтохын гэр болон түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөг нэгжлэгээр хураан авсан гэх мэдээлэл байгаа юм. 

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Насантогтохыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мөнгө угаах, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэсэн тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө