16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна.
16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн гэх Ц.Дагвадоржид холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд хаалттай болсон. Улмаар шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүх хурал өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 10 цагт эхэлсэн. Тус хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон бөгөөд шүүх хуралдаан эхэлснээс 30 гаруй минутын дараагаар хэргийг хаалттайгаар хэлэлцэхээр болсон байдаг. Хэргийг 10 цаг гаруй хугацаанд хаалттайгаар хэлэлцэж, нотлох баримттай танилцах явцад түр завсарлуулж, өнөөдөр /2026.01.23/ өглөөний 08.30 цагт үргэлжлүүлэхээр болсон юм. Яг одоо нотлох баримттай танилцах явц үргэлжилж байна.
Хэргийн эргэн сануулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Дагвадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэг гарсан. Прокуророос тухайн хэрэгт холбогдуулан Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн дагуу яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан юм. Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлсэн байна. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй.