Идэр есийн эд хүйтэн эхэлж, гадаа жавар тачигнаж байгаа энэ үед ажил нь ундарч байдаг нэгээхэн хүмүүс бол Дулааны сүлжээнийхэн. Тэдний ажил өглөөний хуралдаа орсноор эхэлж, хаана л шугам сүлжээ, дулааны хоолойн эвдрэл, гэмтэл гарна тэр бүх дуудлагаар газар дээр нь очиж, түргэн шуурхай засварлана. Эвдрэл, гэмтэл гарсан л бол тэдэнд ажлын бус цаг байна уу, шөнө орой байна уу хамаагүй явах л ёстой. Учир нь Улаанбаатар хотын нэг ч өрхийг дулаанаар таслахгүйн тулд тэд ингэж хонон, өнжин ажилладаг билээ. Ийнхүү Дулааны сүлжээ ТӨХК-ийн ажилчдын нэг өдөр хэрхэн өнгөрч, тэдэнд ямар хүндрэл бэрхшээл тулгардгийг энэ удаагийн сурвалжилгаараа хүргэхийг зорилоо.
ВИДЕО:
"Дулааны сүлжээ" ТӨХК-ийн С.Ганзориг: Цалин бага, ажиллах хүчин хомс байдаг ч, бид нэг айлыг ч дулаан байлгахын тулд цаг, наргүй ажилладаг
— iSee.mn (@iSee_MN) January 17, 2026
УНШИХ: https://t.co/5iymTBIQMQ pic.twitter.com/SFpu0zJ0XR
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийнхний ажил өглөөний хурлаар эхэлнэ. Энэ хурлаараа тэд ажлаа дүгнэж, асуудлуудаа хэлэлцээд, “Цас орсон учраас халтирч гулгахаас сэргийлээрэй. Янз бүрийн асуудалтай зүйлс байх вий. Тэр бүгдээ сайн шалгаад эргээд мэдээллээ сайн хэлээрэй. 6В дээр дулааны худаг их хэмжэний ууртай байна гэсэн дуудлага ирсэн байна. Очоод нөхцөл байдал ямар байгаа, ямар гэмтэл гарсан талаар шалгаад хариу хэлээрэй” гэсэн үүрэг даалгавраар бүгд ажилдаа гарна. Зарим нь дуудлагадаа гарч, зарим нь арын ажил, албаа залгуулахаар үлдэнэ. Бид энэ албанд ажиллаад 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй "Дулааны сүлжээ" ТӨХК-ийн гагнуурчин С.Ганзоригийн долоон хүнтэй багийг дагаж, ирсэн дуудлагын дагуу Дөлгөөн нуурын ойролцоох дулааны худаг руу хөдөллөө.
Дуудлагаар ирэхэд маш их хэмжээний уур гарч, гэмтэл нь тодорхойгүй нөхцөл байдал үүсчээ. Ийнхүү Дулааны сүлжээнийхэн ажилдаа орно доо. Тэд эхлээд хөрсний ус дулааны шугамд хүрсэн байх гэж тооцоолно.

Учир нь хотын төвд барилгажилт ихэссэн тул хөрсний ус гарч ирэх нь элбэг тохиолдох болсон байна. Ийнхүү эхлээд хөрсний усыг соруулж, халуун уурыг нь үлээлгэсний дараа засварын ажилтан худаг руу орж, ямар гэмтэл гарсныг шалгана. Ингэхдээ бүрэн бүтэн хамгаалалтын хувцсыг зайлшгүй өмсөж орох аж. Доош орж шалгаж үзсэн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ашиглалт засварын гуравдугаар хэсгийн засварчин Д.Мөнхбат “Хөрсний ус байх магадлалтай байна. Одоо шинжилгээгээ өгч байж л ямар ус байна гэдгийг мэднэ дээ” гэлээ. Тэдний ажил ийнхүү өрнөж байх үеэр бид "Дулааны сүлжээ" ТӨХК-ийн гагнуурчин С.Ганзоригтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Миний хувьд энэ салбарт ажиллаад 14 жил болж байна. Одоо гагнуурчин хийдэг. Манай бригад долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цалин бага учраас хүний нөөцийн хувьд жаахан хомсдолд орчхоод байгаа.

Манай алба гэхэд л зургаан хүн дутуу ажиллаж байна. Уг нь манай ажил чинь их сайхан. Хүмүүс “дулаахан сайхан байна шүү, байр маань дулаахан байна” гээд ярихаар л бидний түгээж байгаа халуун дулаан учраас түүндээ их баярлаж урам авдаг даа. Яах вэ хааяа нэг иргэд гарч ирээд л бидэнд уурлах тохиолдол бий. Тэд яг дотор нь орж үзээгүй учраас сайн мэдэхгүй дээ гээд л дуугүй өнгөрдөг. Том шугмууд дээр гарсан гэмтлийг засварлаж дууссаны дараа айлууд дулаанаа авах мөчид л хамт олноороо, байгууллагаараа хамгийн их бахархаж, талархаж явдаг даа” гэсэн юм.

Тэгвэл энэ салбарт тулгамдаад байгаа хамгийн том асуудал нь дулааны шугмуудын насжилт байгаа гэнэ. Ихэнх дулааны шугмын насжилт хэтэрсэн тул өвөл, зунгүй л гэмтэл гардаг байна. Гэтэл шугмуудыг засварлах хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүйн улмаас сольдоггүй. Ингээд хэзээ мөдгүй хагарах болсон шугамууд олон байдгаас дулааны сүлжээнийхэн энэ шугмуудаа засварлаж, өвөл зунгүй аргацаасан л нөхцөл байдалтай байдаг талаараа бидэнд ярьсан юм. Үргэлжлүүлэн "Дулааны сүлжээ" ТӨХК-ийн гагнуурчин С.Ганзоригтой ярилцав.

-Барилгыг шугам, хоолойн стандартаас хэтрүүлж барьснаас болоод шугам хоолойг засахад хүндрэл бэрхшээл гардаг гэдэг асуудлыг ярьдаг шүү дээ?
-Дулааны шугмууд газар доогуур явж байгаа. Гэтэл барилга байгууламжийг маш ойрхон барьснаас очоод ухахаар боломжгүй тохиолдлууд их байдаг. Тур тусмаа хотын төвд кабел, барилга ихтэй, ухахад хэцүү, барилгын суурь ороод ирдэг учраас ажиллахад хүндрэлтэй. Насжилт нь хэтэрсэн шугмууд жил болгон л хагардаг. Гэтэл иргэд үүнийг ойлгохгүй шүү дээ. Дулаангүй болчхоороо уурлаад л “зун юугаа хийж байдаг юм” гээд байдаг. Гэтэл яалт ч үгүй л шугмынх нь насжилт ийм болчихсон болохоор өвөл, зунгүй л хагарч байдаг. Иймд шат дараатайгаар бүгдийг нь сольж л байвал сайн байна.
-Иргэдийн хувьд дулааны алдагдал их, хангалттай өгч чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлдэг. Юунаас болоод дулаан хангалтгүй, хүйтэн өвөлждөг тохиолдлууд гардаг юм бол?
-Барилгажилт ихэссэнтэй л холбоотой. Хот тэлээд байгаа ч станцуудаа нэмж барихгүй байгаагаас зарим газраа гайгүй, зарим газраа жаахан хүндрэлтэй байдаг даа. Бид чинь жилийн дөрвөн улиралд, шөнө орой ч хамаагүй дуудагдаж ажиллана. Тэгэхгүй бол айлууд маань хөлдөнө. Хүндрэлтэй гэвэл өвлийн улиралд хоёр, гурван хоногоор дараалж ажиллах тохиолдлууд байсан. Ийм хүнд ажил хийдэг хэрнээ цалин мөнгө бага учраас залуус ажилд орохгүй байна. Боловсон хүчний, хүний нөөцийн асуудал л одоо хүндрэлтэй байна даа. Салбараа гэсэн чин сэтгэлтэй хүмүүс л энэ салбарт ажиллаж байна. 10 гаруй жил ажиллачхаар яалт ч үгүй хотоо дулаахан өвөлжүүлчих юм сан гэсэн үүднээс л хичээж ажилладаг.