ВИДЕО: Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөг хурааж, шалгаж байна

ВИДЕО: Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөг хурааж, шалгаж байна

Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогджээ. 

ВИДЕО: 

Энэ талаар АТГ-ын комиссар Б.Билэгт "Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техник нөхцөл олгуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу тухайн аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн өдөр нь техникийнх нөхцөлийг нь баталсан байдаг аж. Зам Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нь дээрх техникийн нөхцөлийг баталснаас хойно буюу 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжаар ган голтой хөнгөн цагаан утас нийлүүлэх, нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна" гэлээ.

Мөн тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгийн ажиллагаа явуулахад Б.Насантогтохын гэрээс болон хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөгийн гадаад валютыг хураан авсан. Дээрх мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Уг хэрэгт холбоотойгоор одоогийн байдлаар хоёр хүнийг сааатуулан шалгаж байна" гэдгийг тодотгожээ.